Даварсан Хятадуудын 1000 орчим нь нутаг буцахаар боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23

Монголын газар нутгийг там болгож буй гадаад, дотоодын компаниудыг журамлах их аянд Засгийн газар, иргэний байгууллага аль аль хүч хавсран ажиллахаас аргагүй болж байна.  Авто тээврийн газрынхан Дорнод, Сүхбаатар аймгийг зорьж, “Петрочайна Дачин цамхаг” компанийг тодорхойгүй хугацаагаар хаав. Тус аймагт ажиллаж байгаа бусад компанийг мөн шалгаж эхэлжээ. Хятад руу өдөр шөнөгүй түүхий нефть зөөж байгаа “Петрочайна Дачин цамхаг” компани нь гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Тус компанийн хүнд даацын машинууд Дорнодын Матад сумын нутгаас Сүхбаатар аймгийг дамжин Хятадын хил рүү олон салаа шороон зам гарган байгаль орчныг сүйтгэсээр байжээ. Ингэхдээ Авто тээврийн газартай энэ оныхоо гэрээг ч хийгээгүй байсан гэнэ. Одоогоор 20 гаруй салаа замд зарим хэсэгтээ 60 см хүртэл гүн ховил гарсан нь авто машины осол аваарын нэг гол нөхцөл болж байгаа юм. Тээврийн ийм нэг зам нь Матад сумын Тамсагийн сав газраас Баянхошууны хилийн боомт хүртэл 210 км үргэлжилнэ. Энэ замаар мөн техник технологийн тээвэр хийж байна. Бусад замууд нь Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүрдэг байна. Уг нь Баянхошууны боомт хүртэл хатуу хучилттай зам тавих, Бичигтийн боомт руу сайжруулсан шороон зам тавихаар Хятадын тал үүрэг хүлээсэн байлаа. Гэвч үүнийгээ хийгээгүй. Хятадууд манайхаас нефть зөөж л байвал газар шороо хэрхэн сүйтгэгдэх нь падгүй хэмээн үзсэн бололтой. Гэрээ мэрээ ч тэдэнд сүүлдээ хэрэггүй болсон байна. Дөнгөж 70 гаруйхан км зам зассан болж манайхныг хуурч байгаад баялгийг маань хамж авах гэж буй нь яавч эрүүл саруул бизнес биш юм. Тиймээс мэргэжлийн байгууллагууд ийнхүү гэрээгээ биелүүл хэмээн тус компанид тулган шаардаж байгаа ажээ. Мөн энд гэрээтэй, гэрээгүйгээр ажиллаж байсан 1000 шахам Хятад иргэд нутаг буцахаас өөр замгүй болж байна. Наад зах нь Хятадын жолоочийн үнэмлэхтэй жолооч нар манай орны нутагт тээвэр хийх нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top