Малчдынхаа мэндийг эрж, малынхаа барааг харах цаг болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Намар, өвлийн сарыг цар тахал, халдварын тархалтаар амьсгалж өнгөрөөлөө. Цаашид ч энэ байдал үргэлжлэх хандлагатайг мэргэжилтнүүд хэлж байгаа. Биднийг ийнхүү цар тахал тойрон эргэлдэж байхад Монгол Улсын иргэдийн амьжиргааны нэгэн эх үүсвэр болсон мал аж ахуйн салбар, малчдын амьдрал хүндэрлээ.

Орон нутгаас мэдээлэл авахад, малчид маань юун цар тахал, цагийн хатуутай цаг наргүй тэмцэж байгааг хэлж байна. Манай улс өөрөө мал аж ахуйн орон төдийгүй хүн амын амьдралын нэлээд хэсэг нь мал аж ахуйгаас хамаардаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 230 орчим мянган малчин өрх бий. Үүнд хамаарах хэдэн зуун мянган хүн байгаа гэж бодохоор хүн амынхаа амьжиргааг залгуулдаг мал аж ахуйд анхаарахгүй бол болохгүй. Зөвхөн цар тахал тойрон эргэлдээд байвал олон асуудал орхигдох болно.

Цаг үеийн байдалтай уялдуулан Засгийн газраас  ус, цахилгаан, дулаан, хогны мөнгө тэглэж, түлшний үнийг 75 хувиар буурууллаа. УИХ-ын дарга нь зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгохоо ч мэндчилгээний замаар мэдэгдэж байна. Энэ арга хэмжээ нь малчдад ямар ч хамаагүй зүйл. Ерөнхийлөгч нь хүртэл өрх бүрд нэг сая төгрөгийн халамж үзүүлэхээр хуулийн төсөл өргөн барьж, иргэд олон нийтийг дунд нь талцуулах аж. Гэтэл гол салбар болох мал аж ахуй, малчдаа орхигдууллаа. Хэдийгээр цар тахлын дэгдэлттэй байгаа ч айсуй Цагаан сарын баяраар “Сайн малчин”, “Мянгат малчин”, “Манлай уяач”, “Алдарт уяач” гэх мэт цол гуншингаа гардуулах гээд хөдөө гадаагүй давхилдана. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд малчдаа зутарч байгаа цагт нь мэнд мэдэж, атга өвс дөхүүлээгүй байж дээл малгай болоод очно.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай гээд нэлээд хэдэн аймагт цагийн байдал хүндэрсэн, цас зудын байдалтай байгаа. Цагийн байдлыг эрт мэдэрсэн, боломж бололцоотой нэг нь отор нүүдэл хийж, зүүн аймгуудын нутагт өвөлжиж байна. Энэ малчид Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт өвөлжиж байгааг дуулгалаа. Цаад тал нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Түвшинширээ, Онгон сумын нутаг хүрсэн бол наад тал нь Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Өргөн сумын нутагт оторлож явна. Бэлчээрийн даац хэтэрсэн өнөө цагт тухайн сум орон нутгийн малчдад ч хүндрэл үүсгэж байна.

Энэ тухайд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн малчин Х.Уртнасантай холбогдоход “Манай нутагт малын туурайн хэмжээний цастай байгаа ч өвс сайн ургасан учраас бэлчээр боломжийн байсан. Өнгөрөгч зун хур бороо элбэг, гарц сайн байлаа. Гэтэл Дундговь, Өвөрхангай аймгийн малчид олноор оторлож ирсэн учраас бэлчээр муудсан. Сум орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцаа, зөвшөөрөл байдаг юм билээ. Хэдийгээр зөвшөөрөл байгаа ч бэлчээр нь өөрөө даахаа болилоо. Хаяа багтвал айлсаж, хошуу багтвал идэж бай гэдэг хуучны үг, буурлуудынхаа сургаалыг бодож, гадны аймгаас ирсэн малчидтай эв зүйтэй байхыг хичээж байгаа ч бэлчээр өөрөө даахаа больж, хүний өөрийгүй хоолгүй болж байна” хэмээсэн юм. Одоогийн байдлаар Айраг суманд Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 30 гаруй өрх, Алтанширээ суманд 40 орчим өрх нутаглаж байгааг дуулгалаа. Үүнээс харахад нэг суманд дундажаар 30 орчим мянган мал отроор өвөлжиж байгаа нь яах аргагүй хэмжээ хязгаартай бэлчээрт нөлөөлнө. Нөгөө талаар усны асуудал ч тулгарсан гэдгийг хэлсэн.

Төрийн зүгээс огт харж үзээгүй гэж болохгүй. Оны өмнө өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн 74 сумын 45 мянга гаруй малчин өрх болон зарим сумын болон отроор яваа малчин өрхөд 1200 тонн малын тэжээл хүргүүлсэн. Хэдхэн хоногийн дараа өвлийн сүүл сар гарна. Өвлийн цагт үргэлжилсэн их цасан шуурга, хүйтэн салхи тавихгүй бол мал тэгтлээ зутардаггүй. Харин зун, намар тарга тэвээрэг аваагүй мал хавар туйлдана. Ер нь хавар бол малчдад хамгийн чанга улирал байдаг. Ийм л цаг үед нь харж хандахгүй бол асар их хохирол амсана. Бүрэн улсын төр ганцхан цар тахал хэмээх өвчин тойрч, бусдыг мартаад байж болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top