"Ши Жиньпин Төр улсыг засах тухай" гуравдугаар боть номын тухай

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

2014 оны арван хоёрдугаар сард дэлхийн шилдэг бизнесмений нэг, фэйсбүүк нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукербергийн өрөөнд болсон нэгэн томоохон албан уулзалтын үеэр  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний "Ши Жиньпин Төр улсыг засах тухай"  ном түүний ширээн дээр байсан нь гэрэл зургийн хамт дэлгэгдэн тухайн үедээ нэлээд дуулиан болж байлаа. Энэхүү номын I боть 2014 оны аравдугаар сарын 01-нд хэвлэгдэн гарсан бол 2020 оны долоодугаар сард III боть нь хэвлэгдэн олны хүртээл болсон юм.

 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2020 онд хэвлэгдэн гарч дэлхий нийтэд хүртээл болж байгаа уг цувралын III ботийн талаар сэтгэгдлээ хуваалцъя.  

             Монгол улс Төв Азийн цээжинд олон мянганыг улбаалсан өнө эртний төрт ёсны уламжлал, түүх соёлын бахархам үнэт өвтэй улс үндэстний хувьд өмнөд хөрш Хятадын тухай Хүннү гүрний үеэс судалж ирсэн түүхтэй.

Аливаа улс хөрш орноо илүү судалж байж илүү зөв бодлого гаргаж, цаашдаа эв найртай, эрх тэгш зэрэгцэн орших нь гарцаагүй билээ. Өнөөдөр Монголд хөрш орноо судлах, тохирсон бодлого явуулах талаар анхаарч, цаашид бодууштай асуудал их байна. Монгол улсын төрийн алс хэтийн бодлогыг зөв гаргахын тулд үргэлж хөрш орныхоо талаар маш сайн судалгаа хийж, худалдаа эдийн засаг, нийгэм соёлын бодлогынхоо чиглэлийг гаргаж байх нь хамгаас чухал юм.

Ши Жиньпин БНХАУ-ын даргаар томилогдсоноос хойш Хятад улс, Хятадын ард түмнийг удирдан жолоодохдоо хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан 2012 оны арван нэгдүгээр сарын 15-аас 2014 оны зургаадугаар сарын 28-ыг хүртэлх хугацаанд туурвисан чухал бүтээлүүд, түүний дотор хэлсэн үг, ярилцлага, илтгэл, асуултад өгсөн хариу, заавар, баярын илгээлт зэргийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-ын Гадаад хэлний ном хэвлэлийн газар хамтран "Ши Жиньпин Төр улсыг засах тухай" номын I ботийг 2014 оны есдүгээр сард хятад хэлээр хэвлүүлж, үүний дараахан гадаадын олон хэлээр орчуулан хэвлэн дэлхий нийтэд түгээж эхэлсэн байна.

“Ши Жиньпин Төр улсыг засах тухай” номын I боть номыг 33 хэлээр 38 хувилбар, “Ши Жиньпин Төр улсыг засах тухай” номын II боть номыг 12 хэлээр 15 хувилбар орчуулан хэвлэж уг хоёр номыг 160 оронд хэвлэн түгээжээ. Одоогоор 39 улсын томоохон хэвлэлийн газруудтай хамтран орчуулан гаргаж мөн олон улсын хамгийн томоохон 43 номын үзэсгэлэн яармагт оролцож, дэлхийн хамгийн алдартай 500 номын дэлгүүрт борлуулагдаж байна.  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний энэхүү номын нээлтийг дэлхийн 29 оронд 33 удаа зохион байгуулжээ.     

Манай өмнөд хөрш БНХАУ-ын улс төрийн тогтолцооны өвөрмөц, тогтвортой байдал нь төрийн бодлогын залгамж чанараа хадгалдаг давуу талтай бөгөөд өнөөгийн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баримталж байгаа болон цаашид явуулах бодлогыг тодорхой түвшинд судалж шийдвэр гаргах түвшинд, нийгэмд зөв ойлголт өгвөл зохилтой санагдан энэхүү "Ши Жиньпин Төр улсыг засах тухай" номын III ботийн талаар эргэцүүллээ хүргэж байна.

 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, ХКН-ын Төв Хорооны Намын түүх, баримт бичгийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын Гадаад хэлний ном хэвлэлийн газар хамтран "Ши Жиньпин Төр улсыг засах тухай" номын III ботийг 2020 оны долоодугаар сард хятад, англи хэл дээр тус тус хэвлүүлж, гадаад дотоодын уншигчдын хүртээл болгожээ.       

 “Ши Жиньпин Төр улсыг засах тухай” номын III ботид БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2017 оны аравдугаар сарын 18-аас 2020 оны нэгдүгээр сарын 13-ыг хүртэлх хугацааны чухал бүтээлүүд, түүний дотор хэлсэн үг, ярилцлага, илтгэл, асуултад өгсөн хариу, заавар, баярын илгээлт зэргийг багтаажээ. Олон улсын хамтын нийгэмлэгээс өнөө цагийн Хятадын талаар голлон сонирхож байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлийн асуултад хариулт болгосон 92 сэдвийг 19 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрийн агуулгыг цаг хугацааны дарааллаар оруулсан байна. Уншигчдад дөхөм болгож, Хятад улсын нийгмийн байгуулал, түүх соёлын тухай ойлголтыг харуулахын тулд шаардлагатай нэмэлт тайлбар хийжээ.

Энэхүү бүтээлд Хятадын онцлогтой Марксизмын судалгааны шинэ онолын үр дүнг нэгтгэсэн, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг хамгийн өндөр хэмжээнд тусган харуулахыг зорьжээ. Энэхүү номын гол санаа нь БНХАУ нь хөгжлийн шинэ эрин үедээ орж байгааг Хятадын нийгэм болон дэлхий нийтэд хандаж зарласнаараа онцлогтой билээ.      

БНХАУ-ын Коммунист намын XIX их хурал нь Ши Жиньпиний шинэ эриний социализмын үзэл баримтлалыг намын урт хугацааны турш баримтлах ёстой удирдамж болгохоор тогтоож, намынхаа үндсэн дүрэмд тусгажээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын XIII сонгуулийн I чуулганаар энэ чухал үзэл баримтлалыг үндсэн хуульд оруулж, нам төрийн удирдах үзэл баримтлалыг цаг үеийн байдалтай нийцүүлсэн юм. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал нь шинэ эрин үеийн ХКН-ын үзэл санааны луужин, улс төрийн нийгмийн амьдралын үндсэн чиглүүлэгч болох юм.

Нийт 19 бүлэгт олон төрлийн шинэлэг санааг дурдсан дотроос доорх хоёр чухал агуулгыг онцолъё.

Нэгдүгээрт: Ши Жиньпиний энэ номын зургаадугаар бүлэгт “Төр улсаа засах нь мод арчлах лугаа адил, үндэс нь бат бөх  болбоос нахиа навч нь өтгөн саглагар ажгуу” гэж дурдаад энэ бол маш гүн утга илэрхийлж түүний Төр улсын засах тухай онолын хамгийн чухал үндэс суурь, ХКН-ын удирдлага болон Хятадын социалист тогтолцооны гол цөм юм гэжээ. Хятадын эртний Тан улсын нэрт түүхч, язгууртан Ү-Жинийн хэлсэн энэ үгийг Ши Жиньпин дарга ХКН-ын III бүгд хурлын II хуралдаанд оролцох үедээ эшлэл болгон дурджээ.

ХКН-ын III бүгд хурлын үзэл санааг орон даяар түгээн дэлгэрүүлэх явцад үүнийг онцлон дурдахдаа: энэ үзэл санаа нь төр улс нь ард түмнээ гол цөм болгож, нам төрөөс гарах аливаа шийдвэртээ ард иргэдийнхээ саналыг хүндэтгэн үзэхийг тууштай баримтална гэж үзжээ. Үүний зэрэгцээ ард түмнээрээ хүрээлүүлсэн намын манлайллыг илүү тодотгон өгч, намаас төр засгийн бүх ажлыг удирдлагаар хангах бодлогыг улам, баталгаажуулж бас намын удирдлагын үүрэг хариуцлагыг улам өндөрсгөж өгчээ.

Хоёрдугаарт: Энэ номын тавдугаар бүлэгт Чинээлэг нийгмийн иж бүрнээр нь цогцлоон байгуулж ядуурлаас ангижруулах тууштай тэмцэлд ялах зорилтыг тусгажээ.

ХКН-ын XVIII их хурлаас “Хоёр 100 жил”-ийн тэмцлийн зорилгоо биелүүлэх, Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө Хятадын хөгжлийн бодит байдалд тулгуурлан, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улс орныг хуулийн дагуу иж бүрэн засах, намыг иж бүрэн хатуу чанд засах гэсэн “Дөрвөн иж бүрэн” стратегийн төлөвлөлтийг тодорхой дэвшүүлсэн байна.

2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болно. “Анхдугаар 100 жил” буюу 2021 гэхэд БНХАУ нь ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг иж бүрнээр цогцлоон байгуулах болно гэсэн том зорилт тавьжээ.

Харин 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед БНХАУ нь баян, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв зохиролтой, орчин үеийн социалист улс болох зорилго хэрэгжсэнээр Хятадын аугаа их сэргэн мандлын тэмүүлэл биелнэ гэж Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэжээ.

Ядуурлаас ангижруулах үйл хэрэг нь ХКН байгуулагдсан цагаас эхлэн хөндөгдсөн чухал сэдэв бөгөөд өнгөрсөн зууны 80-иад онд өөрчлөлт шинэчлэлт нээлтэй бодлого хэрэгжиж эхэлснээр анхны ядуурлыг бууруулах төлөвлөгөө гарч, хэрэгжүүлж эхэлжээ. ХКН-ын XVIII их хурлаас энэ чиглэлийн ажилд тодорхой цаг хугацаатай зорилт тавин ажиллаж богинохон хугацаанд амжилтад хүрч байна. Энэ номд дурдсанаар 2012 онд Хятад улс ядууралтай хүн амын тоо 98.9 сая байсан бол 2017 онд 30.4 сая болж багасаж, 5 жилд 63.5 сая хүнийг ядуурлаас бүрэн ангижруулснаар ядуурлыг 70%-р багасгаж чаджээ.  Ядуурлын үүсэлт 2012 онд 10.2% байсан бол 2017 гэхэд 7.1% болжээ. Жилд дунджаар 13.7 сая хүнээ ядуурлаас ангижруулж чаджээ. Харин 2021 онд улс даяараа ядуурлаас бүрэн ангижрах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 Энэ нь 1994-2000 оны хооронд хэрэгжсэн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн үед жилд ядуурлаас ангижруулж байсан 6.3 сая хүн гэсэн тоотой харьцуулахад даруй 2.4 дахин илүү хүнийг ядуурлаас гаргаж байгаа амжилт юм. Бүх нийгмээрээ энэ ядуурлаас ангижруулах тууштай тэмцэлд гар бие оролцож, төрийн албан хаагчид, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд илүүтэй манлайлал үзүүлэн ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд, түүний удирдлагууд хөдөөгийн тосгоныг ядуурлаас ангижруулан чинээлэгжүүлэх үүрэг амлалтыг намаас авч өөрийн хариуцсан тосгоны намын үүрийн нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалыг давхар хариуцан өөрийн үндсэн үүрэгт ажлын хажуугаар хариуцаж авсан тосгоны ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах ажилд хүч анхаарал тавин ажилладаг байна. Одоогоор улсын хэмжээнд 435000 албан хаагчид тосгоны намын үүрийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж, ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах тууштай тэмцлийн тэргүүн эгнээнд хичээнгүйлэн ажиллаж байна.

Төв болон орон нутгийн төсвийн санхүүжилтийг ядуурлаас ангижруулах төсөл хөтөлбөрт зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулахад тусгай хяналт тавин хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг дурджээ. Сүүлийн жилд улсын төсвөөс ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрийн тусгай санхүүжилтийг 22.7 %, орон нутгийн төсвийн санхүүжилтийг 26.9 %-аар тус тус нэмэгдүүлжээ.

"Ши Жиньпин Төр улсыг засах тухай" номын гуравдугаар боть хэвлэгдэн гараад удаагүй байгаа хэдий ч дэлхийн олон орны улс төр судлаачдын сонирхлыг ихээхэн татаж, цөөнгүй хэлэлцүүлэг өрнөн гадаадын хэвлэл мэдээллүүд дээр нийтлэгдсээр байна. Энэ удаа хятад хэл дээр хэвлэгдсэн номын 19 бүлгээс дээрх хоёрыг нь онцлон уншигчид, судлаачдын анхаарлыг хандуулахыг зорьлоо.

 

                                                                                Хятад судлаач, орчуулагч    Х.Баатархүү

       

 

Top