АНУ дахь шоу: ЧАМИЗО vs ДЕЙК

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

АНУ-ын Техас мужийн Остин хотод ирэх долоодугаар сарын 25-нд чөлөөт бөхийн шоу болох гэж байна.  

Шоуны хөтөлбөрт гурван барилдаан байгаа. Бөхчүүд Остин хотын нэгэн зочид буудалд үзэгчгүйгээр өрсөлдөх юм. Халз барилдааныг зохион байгуулагч Flowrestling портал шууд дамжуулан үзүүлэх юм.
 

70 кг-ийн жинд Энтони Ашно, Люк Плетчер хоёр тулна. Ашно нь Панамерикийн АШТ-д  хоёр удаа түрүүлсэн бол Люк дотооддоо л амжилт үзүүлж байсан бөх.

86 кг-д 2018 оны дэлхийн аварга Дэвид Тейлор, 2012 оны залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальтай Пэт Дауни нар барилдана. Тэд өнгөрсөн жилийн ДАШТ-д орох эрхийн төлөө халз барилдах байсан боловч Тейлор гэмтсэн. Дауни Нур-Султанд очсон ч дөнгөж есдүгээр байрт орсон билээ.

Шоуны гол барилдаан нь олимпын медальт, дэлхийн хошой аварга Франка Чамизо АНУ-ын дэлхийн хошой аварга Кайл Дейк нарын халз барилдаан болох юм. Хоёр аварга энэ жилийн нэгдүгээр сард Ромын олимпын чансааны Маттео Пелликоне тэмцээнд таарах ёстой байсан ч Чамизо Европын АШТ-д бэлтгэх гээд татгалзсан билээ. Дейк чансааны тэмцээнд түрүүлсэн бол Чамизо сарын дараа тивдээ тэргүүлсэн. Дейк Токиогийн олимпод оролцохоор 74 кг-д шилжээд байгаа. Шигшээ багт гол өрсөлдөгч нь Жордан Барроуз. Жордан Чамизотой барилдаж байсан бол Дейк анх удаа таарна. Гэхдээ Остинд болох шоу 79 кг-д болох тул Дейк илүү байдалтай байгаа юм.

Чамизо хөл хорионы улмаас Италидаа харьж чадалгүй, АНУ-д бэлтгэл хийж байгаа. Flowrestling-ээс анх барилдааныг 74 кг-д явуулах санал тавьсан ч Дейк хэт их шаардлага тавьсан байна. Тиймээс Чамизо 79 кг-д барилдах дуудлагыг нь хүлээн авчээ.

Бөхчүүдийн шагналын мөнгөний талаар тодорхой тоог зарлаагүй ч Чамизо хамгийн өндөр шагнал авах нь тодорхой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top