Кирибаямагийн талаар фэнүүд юу өгүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Японы спортын “Никкан спортс” сонины газраас “Ард түмний хайртай сүмоч” санал асуулга явуулж, озэки Такакэйшёо 3659 саналаар тэргүүлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Дээд зиндааны манай бөх Кирибаяма 982 саналаар 17-р байрт орсон. Ингээд санал асуулгад оролцогчид түүний талаар юу өгүүлснийг сонирхоцгооё.

“NHK телевизийн нэвтрүүлэгт оролцон, “Бэлтгэл, япон хоол хоёрын аль нь хэцүү байна” гэж асуухад “Хоол” гэж хариулж байсныг нь хараад дэмжмээр санагдсан” 30 настай эмэгтэй

“Бие хаа, хөдөлгөөн нь Харүмафүжи аваргатай төстэй. Ёкозүна болох бөх гэж боддог” 30 настай эмэгтэй

“Кирибаяма сүмод ороод зургаан жилийн дотор дээд зиндаанд дэвшин гарч ирсэн бөх. Хав золгосон ч, сэрвүү барьцнаас ч сайн барилддаг. Нас залуу тул озэки, ёкозүна болно гэж итгэж найдан хүлээж байна. Томчуудыг унагаахыг нь хармаар байгаа” 20 настай эрэгтэй

“Шулуун шударга, энгийн байдал нь таалагддаг. Барилдаан цаашдаа ч улам сайжрах болно. Нүд салгахын аргагүй сайхан бөх” 50 настай эмэгтэй

“Жил болгоны зун Мичинокү дэвжээний орон нутгийн цугларалтыг үздэг. Кирибаяма бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ маш сайн хийдэг. Бэлтгэлийн дараа бөх сонирхогчидтой тун эелдэг сайхан харилцдаг залуу” 40 настай эрэгтэй

“Хөдөө хээр талын хөвгүүн ийм хүчтэй болсныг харахад сэтгэл уярдаг. Ойрын үед ёкозүнаг унагаана гэдэгт итгэж хүлээж сууна” 40 настай эмэгтэй

“Ирээдүйтэй сайн бөх. Японоор ярьж байгаа нь хөөрхөн харагддаг” 20 настай эмэгтэй

“Санданмэд түрүүлээд ярилцлага өгөхдөө японоор бараг ярьж чадахгүй байсан бол одоо хэлэндээ сайжраад, дээд зиндаанд дэвшчихсэн байна. Би түүнийг санданмэд байхаас нь дуртай” 40 настай эмэгтэй

“Жин бага ч хэзээ ч ухардаггүй, эцсээ хүртэл тэмцдэг нь таалагддаг. Би өөрөө барилддаг болохоор түүнээс их зүйл сурч байгаа” 16 настай эрэгтэй

“Барилдахыг нь хараад шууд дуртай болсон. Дохёноос гаран гартлаа тэмцсээр байдаг. Хацрын хонхорхой нь хөөрхөн” 16 настай эмэгтэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top