Ялгуусан ялалттай нас чацуу “Өнөөдрийн Ялалт” сонин

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Говийн эгэл суурин Дорноговь аймгийн Сайншандын төвд нэгэн сонин хэвлэгдэн гарч, Монголын сэтгүүл зүйд бүл нэмж байсан цагаас хойш 75 жил өнгөрчээ. Энэ өдөр бол дэлхийн хоёрдугаар дайны хар утаа замхарч, аугаа их ялалтын уухайг буурал европод хадаасан 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн ууган хэвлэл “Өнөөдрийн Ялалт” сонины хамт олон 75 насны ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Анхны дугаараа хүргэсэн өдрөөс уншигчдынхаа оюун санаанд тогтмол зочилж байсан “Ялалт” сонин хэсэг хугацаанд завсарлаад шинэ цагийн өнгөн дээр “Өнөөдрийн” гэх тодотголтойгоор дахин уншигчдынхаа оюун санаанд морилсон нь нэгэн түүхэн явдал байв. Тухайн цагийн нийгэм, ус нутгийнхаа бүтээн байгуулалт, нам төрийн шийдвэрийг ард олноо хүргэх үндсэн зорилго дор өндөр үүдээ өргөсөн “Ялалт” сонины анхны эрхлэгчээр Н.Намжил, хэвлэгчээр Ц.Жагдал нар ажиллаж эхэлсэн гэдэг. Дашрамд дурдахад Ц.Жагдал нь Дорноговь аймгийн сүлд дуу болох “Тал нутгийн дуу” тэргүүтэн олон аялгууг зохируулсан авьяаслаг нэгэн байв.

“Өнөөдрийн Ялалт” бол хоёр нийгэм дамжин мэдээ мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн төдийгүй Дорноговь нутгаас төрөн гарсан олон сэтгүүлч, уран бүтээлчдийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн буянтай редакци. Тухайлбал, Д.Гомбожав, Д.Намжилдорж, Р.Түмэнжаргал, П.Гэндэнжэв, П.Төмөрбаатар, Л.Сандуй, Ц.Бандихүү, Х.Өлзийбаяр, Т.Болдбаатар, Г.Цоглхагва, Ж.Заяабаатар, Ш.Энхбаяр нарын нэр мөртэй уран бүтээлчдийг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэсэн байгууллага гэдэг.

Өдгөө ахмадуудынхаа байгуулсан сонины галыг нь тасдахгүй 75 насны ойд түүчээлэн уншигч олноо хүргэж буй залуусын баг бий. Тодотговол, аугаа ялалтын уухайтай дуу нэгсэн төрсөн сонины Ерөнхий эрхлэгчээр яруу найрагч, сэтгүүлч Б.Лхагвадорж, редакцийн бүрэлдэхүүнд яруу найрагч, сэтгүүлч Э.Эрдэнэдалай, А.Уранжаргал, С.Чимэгсайхан, О.Алтангэрэл нарын залуус гар, сэтгэл нийлэн ажиллаж байна.

Хэдийгээр улс орны хэмжээнд хөл хорио тогтоосон ч сониныхоо түүхт ойн баярыг орон нутгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Ойн арга хэмжээнд “Өнөөдрийн Ялалт” сонины үе үеийн ажилтан алба хаагчид, сэтгүүлчид оролцож, ахмадууд түүх хуучилж, залуус нь сонссон тийм нэг дулаан арга хэмжээ болов. Энэ үеэр ахмад ажилтан Ц.Дамба, Н.Төмөр нарыг Монголын сэтгүүл зүйн салбарын шагнал болох “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, залуу сэтгүүлч Э.Эрдэнэдалайг “Ган үзэгтэн” шагналаар тус тус шагнав. Мөн үеэр аймгийн Засаг даргын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өргөмжлөлийг зарим хүмүүст гардуулав. Аймгийн ууган хэвлэлийн ойн баярт УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Түмэнбаяр нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж амжилт хүссэнийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд тавигдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажил руу Ерөнхийлөгчтэй дөрөө харшуулна гэдгээ дуулгаад яаруухан мордсон. Үүнийг дурдахын шалтгаан бий. Учир нь социалист нийгмийн үеийн бүтээн байгуулалтаас эхлээд өнөө цагт Дорноговь аймагт босож буй Газрын тос нэрэх үйлдвэрээс эхлээд олон бүтээн байгуулалтын дууг “Өнөөдрийн Ялалт” сонин ард түмэндээ хүргэдэг. Яах аргагүй Дорноговь аймгийн 75 жилийн түүхийг бичиж ирсэн “Өнөөдрийн Ялалт” бол үнэ цэнтэй капитал.

Нөгөө талаар Ноён хутагт Д.Равжаа, Хуульч Сандаг тэргүүтний бүтээлийг ард түмэндээ танилцуулж, Ардын уран зохиолч Б.Догмид, СГЗ Г.Жамъян, А.Шартолгой, Ш.Гүрбазар, А.Эрдэнэ-Очир, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Мөнхцэцэг, А.Байгалмаа, Ш.Энхбаяр, Л.Эрдэнэбат гээд Монгол даяар суу алдраа мандуулсан нэрт зохиолчдын анхны бүтээлийг ч өлгийдөж авсан. Тэр л социалист бүтээн байгуулалт, нэгдэлжих хөдөлгөөн, отрын бэлчээрт гээд тэдний хүрээгүй дуу хоолой нэгээхэн ч үгүй. Тийм дээ ч дорноговьчууд “Өнөөдрийн Ялалт” сониноо бидний түүх хэмээн хүндэтгэн үздэг.

Ард иргэдэд сонин түгээх, хэвлэх үйл гэдэг бол зөвхөн редакц хариуцсан хэдэн сэтгүүлч дангаараа гүйцэтгэх ажил биш. Олон хүний зүтгэлээр бий болдог. Тиймээс аймаг орон нутгийн удирдлага, албан байгууллага, хувь хүмүүсийн тус дэм ч их байдаг. Тэр болгоныг нэрлэхэд чамгүй урт цаг хугацаа орно хэмээн сонины Ерөнхий эрхлэгч Б.Лхагвадорж онцолно билээ.     

Ахмадуудын хуучилж байгаагаар “Ялалт” сониныг социалист нийгмийн үед “Шар гуанз” хэмээн нэрлэж байсан өдгөөгийн нэршлээр “Мөнх дүүрэн” захын хойно жижигхэн байшинд “Тигель” хэмээх хэвлэгчээр хэвлэж эхэлжээ. Улмаар хөгжлийнхөө явцад үйлдвэр, редакцаа өргөжүүлсэн гэдэг. Тогтмол уншигчдынхаа гар дээр шинэ соргог мэдээ мэдээлэл хүргэж байсан сонины гал тогоо гэдэг олон хүний хөлс хүч, хөдөлмөр шингэдэг учраар тухайн цагт сонины халуун бүлд Д.Шуурган, Адъяажав, Ширчмаа, Будсүрэн, Жавзмаа, Хандмаа, Ичинхорлоо, Гүнсмаа, Цэнд-очир, Түмэнбаяр, Цагаанбаатар, Эрдэнэбаатар, Ишгээ гээд олон ахмадуудыг дурдаж болно. Аливаа сонин бол өнөөдөр гаргаад мартаж орхих зүйл биш. Зуу зуун жилийн дараа ч нутаг ус, өвөг дээдсийн намтар түүхийг ирээдүй хойчид өртөөлөн хүргэж байдаг. Ийм л нэг олон арван жилийн түүхтэй, шижигнэсэн багтай хамт олон нэр шигээ аугаа их ялалтын төлөө давшиж явна.

Эх сурвалж:Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top