Үзэгч олныг байлан дагуулж буй “ТВ8” телевизийн сэтгүүлч, хөтлөгч Ц.Гэрэлмаагийн бэлтгэн хүргэдэг “Тавилан” нэвтрүүлгийг сайтынхаа уншигч олноо буулган хүргэж байна. Уншигч та “Тавилан” нэвтрүүлгийг аль эрт “ТВ-8” телевизээр шимтэн үзэж, 51 жил уулзаагүй аав, охин хоёрын тухай харан, нулимс унагаасан байж болох ч унших нь бас нэгэн өөр мэдрэмж байж таарна. Энэ удаад “Тавилан” нэвтрүүлгийнхэн 51 жил уулзаагүй эцэг охин хоёрыг уулзуулж, элэг дэвтээснийг ямар нэгэн хачиргүйгээр уншигч танаа хүргэж байна
Аав Б.Чулуунтогтох: Охинтойгоо уулзвал өдий болтол амьд явсны хэрэг бүтнэ, олоод өгвөл сайхан байна
-Гэр бүл, таны аж амьдралын талаар яриагаа эхлүүлж, өнгөрсөн, одоо цагийг ойртуулж, холбуул сонин байх?
-Намайг Б.Чулуунтогтох гэдэг. Би 1979 онд Самдан овогтой Сайнзаяатай гэр бүл болж, хоёр дахь амьдралаа эхлүүлсэн, С.Сайнзаяа минь надад долоон сайхан хүүхэд төрүүлж өгснөөр Б.Чулуунтогтохынх гэх өнөр өтгөн айл бий болсон түүхтэй. Харамсалтай нь надад өнөр өтгөн амьдрал, элэг бүтэн аж төрөхийн жаргалыг бүрэн дүүрэн хайрласангүй. Өвчин зовлон хэлж ирэх биш, өөдлөхийн цагт дөрвөн сайхан үр минь хорвоог орхисон, өтлөхийн цагт үр хүүхдээ алдах шиг зовлон үгүй дээ. Үрсээ алдсан эхийн сэтгэл дотогшоо өмөрсөөр хань маань удалгүй таалал төгслөө. Хань ижил, дөрвөн сайхан үрээ алдсан хүн үлдсэн ганц охин, хоёр хүүдээ төвөг удахгүйн тулд цайгаа хувааж уух нутгийн нэг хөгшинтэй амьдарч байна. Хоёр биедээ түшиг болоод арай ч өнөө маргаашдаа явчихгүй юм сан, хүүхдүүддээ хэдэн жил харагдчих санаатай л сууна. Хөгшин маань өглөө босоод ажилдаа явна, би өдөртөө түлээ модоо хагалж, ойр зуур, гэрийн ажлаа амжуулах санаатай бор хоног өнгөрөөж байна. Сүүлийн үед ах нь уулзаж чадалгүй 51 жил хүлээж байгаа охиноо их санах боллоо, охинтойгоо уулзах тавилан байдаг бол нэг уулзчих санаатай. Одоо охин минь хаана, юу хийж явдаг юм бол доо, төрсөн эцэг нь байж би тэр охиныхоо тухай юу ч мэдэхгүй. Охинтойгоо уулзвал өдий болтол амьд явсны хэрэг бүтнэ, олоод өгвөл сайхан байна. /санаа алдав/

Сэтгүүлч, хөтлөгч
Хүний хувь тавилан хаашаа ч хөтөлж мэдэх таашгүй зүйл. Тэр тусмаа хатуудаа хатуу гэдэг нь туйлын үнэн. Б.Чулуунтогтох нь хоёр дахь амьдралаа эхлэхээс өмнө Гүр овогтой Мягмардулам гэх бүсгүйтэй дэр нэгтгэн, Налайх дүүрэгт амьдарч байжээ. Тэд хоёр сайхан охинтой болсон ч том охин нь өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзсэн байна. Уг нь Б.Чулуунтогтох энэ хорвоо дээр есөн сайхан үртэй эцэг хүн. Харамсалтай нь таван сайхан үрээ алдаж, нэг охиноо амьд мэндийг нь ч мэдэлгүй 51 жил харуусал, гуниг дунд сууна.
-Аав охин хоёрын төөрөлдсөн амьдралын эхлэл хэзээ, хаана чухам юунаас болж тавигдсан бэ?
-Ах нь 1968 онд гурван жилийн цэргийн алба хаахаар явахад охин минь ээжийнхээ хэвлийд үлдсэн. Үүний дараа 1991 онд санаандгүй байдлаар нэг удаа хальт уулзсан. Түүнээс хойш охиноо байгаа байхгүйг нь мэдэхгүй их олон жил сэтгэлдээ тээж явна даа.
-Та сая 1991 онд охинтойгоо хальт уулзсан гэлээ. Энэ тухай жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
-Ах нь тухайн үед бие муудаад арга буюу хотод үзүүлж, эмчлүүлэхээр ирсэн юм. Тэр үед амралтын өдөр таараад, Налайхад байдаг дүүгийндээ очиж хонолоо, гэтэл тэнд санаанд оромгүй нэг зүйл болсон. Том охин маань “Б.Чулуунтогтоход” хэмээн хаяглаж захидал үлдээснийг олж авсан. Захидал дээр бичсэн хаягийн дагуу очиж, аав охин хоёр амьдралдаа анх удаа 22 жилийн дараа Улаанбаатар хотын Толгойтын өртөөний ойролцоо хальт уулзсан нь тэр.
-Таны охиныг хэн гэдэг вэ. Энэ тухай дэлгэрүүлж яриач?
-Чулуунцэцэг билүү, Чулуунчимэг билүү. Нэрний аль нэг хэсэгт нь “Чулуун” гэдэг үг орсон байгаа. Чухам хэнээр овоглодог эсэхийг сайн мэдэхгүй. Магадгүй ээжээрээ ч овоглодог байх гэж бодож байна.
-Охины тань ээжийг хэн гэдэг юм. Аль нутгийн бүсгүй юм бол?
-Охины минь ээжийг Мягмардулам гэдэг байсан. Хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын хүн. Одоо бол энэ сум байхгүй. Мягмардуламын төрсөн аавыг Гүр гэж монхордуу хамартай хүн байсан. Мягмардулам төрсөн аав Гүрээрээ овоглодоггүй байх. Учир нь эмээ, өвөө дээрээ өссөн гэж ярьдаг байсан, чухам хэнээр овоглодог, хэдэн оны хүн байсныг сайн мэдэхгүй байна. Надаас бол дүү бүсгүй. Ах нь 1991 онд санамсаргүй байдлаар охинтойгоо уулзсан гэж дээр хэлсэн дээ. Тэр үед надад нэрний талаар хэлсэн байхгүй юу. Түүнээс би гэж хүн юугаа мэдэхэв. Цэрэгт явахын хүслэн болж, тэр үед хань ижил, үр хүүхдээ бодоогүй дээ. Тэгээд л цэргийн хатуу амьдралтай нүүр тулсан./инээв/
Сэтгүүлч, хөтлөгч
Өдгөөгөөс 50 гаруй жилийн өмнө, 1968 оны тэр нэгэн намар Б.Чулуунтогтоход эр цэргийн зарлан дуудах хуудас ирж, эх орон түүнийг дууджээ. Үүний дагуу цэрэг татлагын комисст шалгуулсан боловч тэр тэнцсэнгүй. Гэвч оройн тооноос эхлээд эр цэргийн хатуу чанга амьдрал үзэх гэсэн хүсэл нь түүнийг хөтөлж, цэрэг татлагын комиссыг ятгасаар байгаад цэрэгт явсан гэдэг. Эр хүний тэсвэр хатуужил, эх орноо хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэхээр мордсон Б.Чулуунтогтох мэдээжийн хэрэг амаргүй зүйлтэй нүүр тулж таарна. Хал цэргүүд, оны ялгаа, хатуу чанга дэглэм, ааг омогтой залуу эр бусдад дээрэлхүүлэхгүй гэсэн бодол нь амьдралд нь хар толбо суулгаж, аавын хаалга татуулжээ.
-Таныг алба хааж байх үед оны ялгаа их байсан уу?
-Тэгэлгүй яахав. Түүнээс чинь болоод л ах нь амьдралдаа том алдсан хүн. Хал цэргийн дэг хэцүү, дээрэлхэх гээд болдоггүй маргалдаад, өдрийн хоолны дараа гарч “үзэх үү” гэхээр нь тэгье гээд л гарсан. Тэгээд нэг цохитол тэр цэрэг газар унаад, тэр дороо л нас барчихсан. Олон аавын хүүхдүүд нударга зөрүүлж л байдаг, ийм зүйл болно чинээ санасангүй. Ингэж л бүх зүйл орвонгоороо эргэсэн.
Сэтгүүлч, хөтлөгч
Шүүхээс 15 жилийн хорих ял авсан Б.Чулуунтогтох есөн жил найман сарыг өөрийн биеэр чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байгаад 1978 онд суллагджээ. Алдсан алдаандаа гэмшиж, 10 жил торны цаана суухдаа гэр бүлийнхнийхээ өмнө өөрийгөө буруутгаж, гэргий, бяцхан охиндоо очих зориг түүнд байсангүй. Нийгэм хаалттай, харилцаа холбоо өнөөдрийнх шиг байгаагүй нь ч нөлөөлсөн байж таарна.

-Тэгвэл та энэ олон жилийн дараа яагаад гэнэт эхнэр, охин хоёроо санаж, сурах болов. Урьд өмнө эрж сураад уулзах боломж байсан байлгүй?
-Би урьд өмнө огт хайж байгаагүй, бага охин Ч.Насандэлгэртээ ярьж л байсан. Харин охин минь намайг баярлуулах гээд танай нэвтрүүлэгт хандсан юм байна. Намайг далдхан том охиноо санаж бэтгэрч явдгийг бага охин маань мэдсэн хэрэг болов уу.
Бага охин Ч.Насандэлгэр: Аавын хэлж байгаагаар бие муутай хүүхэд байсан гэхээр санаа зовох болсон
-Таны хувьд бидэнд хамгийн анх захидал бичсэн. Энэ захидал дээрээ аавынхаа том охиныг олж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан?
-Тийм ээ. Аав минь одоо 71 настай. Цаашдаа хэдэн жил амьд явахыг би мэдэхгүй. Сүүлийн үед том охиныхоо морьтой зургийг байнга үзэх болсон. Аавынхаа том охины талаар ах бид нар хүүхэд байхдаа мэдсэн. Тэгээд аав маань сүүлийн үед “Чиний эгчийг чамтай нэг уулзуулах юм сан. Одоо эсэн мэнд байдаг болов уу” хэмээн ярьж, зургийг нь харж их санаашрах болсон. Аавын хэлж байгаагаар бие муутай хүүхэд байсан гэхээр нь бүр санаа зовох болсон доо. Тэгээд л танай нэвтрүүлэгт хандсан.
-Бид олж өгнө гэж бол амлаж чадахгүй. Гэхдээ нэвтрүүлгийн зорилгоо биелүүлэхийн төлөө хичээх болно. Та бүхэн минь сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой шүү?
-Тэгэлгүй яахав. Бид тэр бүхнийг тооцоолсон. Ямар сайндаа аавдаа “Аав энэ “Тавилан” нэвтрүүлгийнхэн амьд бол олж уулзуулаад, нас барсан бол газар дээр нь аваачдаг юм байна лээ. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан нэг шийдвэрт хүрэх байх” гэж хэлсэн. Хожим хойно бид нар харамсахгүй шүү дээ гэж хэлсэн. /инээв/
Аав Б.Чулуунтогтох: Надтай адилхан, орос царайтай охин байсан
-Таны охин Ч.Насандэлгэр том охиныг тань бие муутай байсан гэж байна, та энэ талаар хэнээс сонссон бэ, бидэнд өгөх таны мэдээлэл маш чухал шүү?
-Би дээр 1991 онд охинтойгоо уулзсан талаар ярьж байсан даа, тэгэхэд ээжтэй нь бас уулзсан. Мягмардулам маань тухайн үед охины талаар хэлэхдээ бага байхдаа мориноос унаж бөөр нь хүндээр өвдсөн гэдгийг дуулгасан. Бид хоёр таарч тохирохгүй дээ салж сарниагүй, миний буруугаас болж, гэр бүлээ орхисон учраас би өөрийгөө л буруутгаж суудаг. Тийм бие муутай охин одоо эсэн мэнд, эрүүл саруул байгаа эсэхэд нь эргэлзэж, санаа зовниж байна.
-Таны охин хэнтэй адилхан бэ?
-Надтай адилхан, орос царайтай охин байсан. Туранхай өндөр охин, одоо чухам ямар болсныг мэдэхгүй. Ах нь та нараас гуйж байна. Охиныг минь олоод өгөөч
Сэтгүүлч, хөтлөгч
Чулуун гэдэг нэрээс өөр мэдээлэлгүй бүрхэг эрлийн араас дөрөө жийсэн “Тавилан” нэвтрүүлгийн багийн хамт олон бидэнд мэдээлэл цуглуулахад олон хүндрэлтэй асуудал тулгарч байсан юм. 51 жилийн турш сураггүй алга болсон ээж, охин хоёр, цэрэгт яваад төөрөлдсөн аав, энэ гэр бүлийн ээдрээт тавилангийн зангилааг тайлахад бид бүтэн гурван сарыг зарцуулав. Энэ хугацаанд үргэлжилсэн амаргүй эрлийн эцэст Зүүнхараа хотын унаган хүүхэд МУИС-ийн доктор, профессор Чинбатын Ундрам тусалснаар хэрэг болохуйц чухал мэдээллүүдийг олж авсан юм. Нэвтрүүлгийн оролцогч Б.Чулуунтогтохын охиныг Т.Мөнхчулуун гэдэг. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна. Ингээд нэвтрүүлгийн хамгийн гол зорилго болсон Б.Чулуунтогтохын 51 жилийн турш хүлээсэн охин Т.Мөнхчулуунтай та бүхнийг уулзуулах гэж байна.
Том охин Т.Мөнхчулуун: Танай нэвтрүүлгийг үзэх бүртээ уйлж, надад ийм өдөр ирэх болов уу гэж дотроо боддог байсан

-Сайн байна уу та. Би “ТВ-8” телевизийн “Тавилан” нэвтрүүлгээс ярьж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас манай редакцид хаягласан захидал ирсэн юм. Танд эхлээд энэ захидлыг уншуулъя. Тэгвэл та юу болоод байгаа талаар гадарлаж ойлгох байх?
Ч.НАСАНДЭЛГЭРИЙН ЗАХИДАЛ
Сайн байна уу. “ТВ-8” телевизийн “Тавилан” нэвтрүүлэгт энэ захиа очих өдрийн мэндийг хүргье. Намайг Чулуунтогтох овогтой Насандэлгэр гэдэг. Би танай нэвтрүүлгийг үзээд захидал бичихээр шийдсэн юм. Миний аавыг Б.Чулуунтогтох гэдэг бөгөөд өмнөх амьдралын хань Г.Мягмардуламаас төрсөн охиноо хайж байгаа юм. Одоо охин минь байдаг болов уу. Түүнийгээ олоод уулзчих юм сан гэж үргэлж ярьдаг. Тиймээс би энэхүү захидлаа танай телевизэд хаяглан бичлээ. Аавын минь охин 1968 онд төрсөн. Түүний нэрэнд ямар нэгэн байдлаар Чулуун гэдэг үг орсон байж магадгүй. Мөн ааваар минь овоглосон байх, эсвэл анхны эхнэрийн ах болох Аюур, Цэрэннадмид гэсэн хүмүүсээр ч овоглосон байж магадгүй гэж хэлж байсан. Аав минь 1968 онд охиноо хэвлийд нь байхад цэрэгт явсан. Ингээд уулзаж чадалгүй, сураггүй олон жил болж байна. Учир нь аав минь цэрэгт байхдаа хэрэгт холбогдоод албаа гүйцэд хааж чадалгүй засан хүмүүжүүлэх газар руу явсан. Азаар аав минь 1991 онд охинтойгоо нэг удаа уулзсан, тэр уулзалт нь сүүлийн уулзалт нь болсон юм. Үүнээс хойш нэг ч удаа таараагүй. Одоо өндөр настай аав минь чин сэтгэлээсээ нэг зүйлийн тухай бодох боллоо. Тэр нь сураг тасарсан охинтойгоо уулзах юм. Тиймээс би энэхүү захидлыг бичиж сууна. Та бүхэн аавын минь хүслийг биелүүлж өгөөч гэж гуйж байна.
Сэлэнгэ аймгаас Чулуунтогтох овогтой Насандэлгэр миний бие энэхүү захидлыг бичлээ
-Энэ захидал танд ойлгогдож, таны уулзах ёстой хүн мөн гэж бодож байна уу?
-Таньдаг хүн байна. Аавын минь охин байна.
-Таны хайх ёстой хүн мөн үү?
-Мөн байна. Гэхдээ би харж байгаагүй. Аавыгаа бол нэг удаа харж байсан. Налайхад үлдээсэн миний захидлын дагуу 1991 онд анхны хүүхдээ төрүүлсний дараа намайг хайж байгаад нэг удаа ирж уулзсан. Тэгээд ахиж уулзаагүй. Тэр үед би аавыгаа “Аав” гэж дуудаж чадаагүй. Учир нь миний хойд аав зэрэгцээд сууж байсан болохоор хойд аавыгаа гомдоохыг хүсээгүй. Миний хойд аав намайг хайраар дутаагаагүй маш сайн өсгөсөн, сайн хүн байсан. /уйлав/ Хааяа бас боддог байсан. Аав минь бие хаа нь зүгээр, гайгүй байгаа даа. Хаа нэг газар энх тунх байгаа байх л гэж боддог байсан. Танай нэвтрүүлгийг үзэх бүртээ даган уйлж, надад ийм өдөр ирэх болов уу гэж дотроо боддог байсан. /Инээв/
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би хоёр сайхан хүүтэй байсан. Хоёулаа одоо энэ орчлонд байхгүй болсон. Энэ бүх зовлон шаналлаас болж хань бид хоёр салсан. Одоо хэдэн сайхан дүү нарын буянд амьдарч байна. Тэнгэрт байгаа аав минь намайг харж, төрсөн эцэгтэйгээ уулзах хувь тохиолоо. Одоо аавдаа нэг сайхан тэврүүлээд үнсүүлэхсэн гэж бодож байна.
Сэтгүүлч, хөтлөгч
Зовлон жаргалыг хамтад нь үүрэх ёстой тавилангаа үүрч, охин үрээ хүлээн гомдол цөхрөлийг сэтгэлдээ тээн яваа Б.Чулуунтогтохын 51 жилийн хүсэл мөрөөдөл, хүлээлт биелэх гэж байна. Үрээ ирэхийг шөнөжин хүлээж, хөрвөөн хонох аавынхаа сэтгэлийг амрааж, төрсөн эцэгтээ очихоор охин Т.Мөнхчулуун Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг зорьж явна. 51 жилийн турш хэлж чадаагүй үгээ хэлж, аавдаа үнэрлүүлэхийг хүссэн бүсгүйн зүрх сэтгэлд түмэн янзын бодол хурж, догдолж байгааг түүнээс өөр хэн ч ойлгохгүй. Замын турш тэр зөвхөн аавыгаа л бодож яваа
-Аав тань охин минь ирж явна гэж таныг зүүдэлсэн гэсэн?
-Зөн совингоороо мэдэж дээ, одоо охин нь очиж явна, намайг өсгөсөн аав минь их сайн хүн байсан болохоор би тэр үед аав гэж хэлж чадаагүй. Одоо бол дотроо онгойтол хэлнэ. Ааваа гэж дуудмаар байна, би бас их азтай хүн, хорвоо дээр хоёр сайхан аавтай /уйлав/.
-Таныг би их сайхан шүлэг уншдаг гэж сонссон?
-Дүү нар минь надаар шүлэг уншуулах дуртай. Би Хөдөлмөрийн баатар, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” шүлгийг уншиж өгдөг. Би өөрөө энэ шүлгэнд их хайртай, яагаад гэвэл энэ шүлгийг уншихаар аав, ээж хоёртой минь адилхан юм шиг санагддаг.
Сэтгүүлч, хөтлөгч
Аавтайгаа ганц удаа таарахдаа "Аав" гэж дуудаж чадаагүй. Т.Мөнхчулуун өнөөдөр омог бардам аавыгаа дуудна. Хэдийгээр түүний аманд аав гэх үг эвлэхгүй байгаа ч тэр зөвхөн ааваа гэж төрсөн эцгээ дуудах тухай л бодсоор... Хэдхэн өртөө газар туулах зуурт түр амасхийх нь Т.Мөнхчулуунд төрсөн ааваасаа хол өнгөрүүлсэн хагас зуун жилээс ч урт санагдана. Гэхдээ охин нь аавдаа очиж явна
Том охин Т.Мөнхчулуун: Төрсөн өдрийнхөө бялууг аавтайгаа анх удаа хувааж идэх юм байна
-Улаанбаатар хотоос өнөө өглөө гарч, гурван цаг гаруй яваад Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирлээ. Таны төрсөн аав Б.Чулуунтогтох биднийг ирэхийг хараахан мэдээгүй байгаа?
-Маш их баяртай байна, өөрөөс чинь захиа авсан тэр өдрөөс хойш маш удаан хүлээсэн. Сэтгэл их догдолж байна, яг юу хэлэхээ үнэхээр мэдэхгүй. Хурдхан л уулзахыг хүсэж байна. Бас энэ жилийн төрсөн өдрийнхөө бялууг аавтайгаа анх удаа хувааж идэх юм байна гэж бодлоо. /уйлав/
Сэтгүүлч, хөтлөгч
Алганы хээ, зураас адил амьдралын төөрөг тавилан өөр өөр байдаг. Тун удахгүй төөрөг, тавилангийн эрхээр хагацсан аав, охин хоёр уулзана. Тэд уулзах уулзахдаа нүдэндээ нулимс дүүрэн уулзана. Гэхдээ тэр бол баярын нулимс байх болно
Аав Б.Чулуунтогтох: Охинтойгоо л хурдхан уулзъя
-Сайн байна уу та?
-Сайн, сайн байна уу, сайн явж ирсэн үү, хүүхдүүд минь.
-Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. “Тавилан” нэвтрүүлгийн багийнхан энэ удаад маш сайхан мэдээтэй ирлээ?
-Баяртай мэдээтэй ирж байгаа бол өвөө нь магнай тэнийлээ. Тэгээд яг ямар мэдээ вэ, охин минь олдоо юу.
-Тийм ээ, бид таны охины олоод аваад ирлээ, ямар байна?
-Баярлалаа хүү минь, ямар сайхан мэдээ вэ. Өвөөгийнхөө насыг аваарай.
-Та охинтойгоо уулзахад бэлэн үү. Охин тань орж ирж байна?
-Тэгэлгүй яахав, охинтойгоо хурдхан уулзъя. Түргэн тусмаа л сайн.
Сэтгүүлч, хөтлөгч
Бүхэл бүтэн 51 жил гэдэг маш урт хугацаа. Дунд нь нэг л удаа хэсэгхэн хором уулзсаныг эс тооцвол тэд анх удаа нүүр бардам, сэтгэл тэнүүн, нүдэндээ баярын нулимстай уулзаж байна. Охин үрийнхээ хонгор жаахан насны сэвлэгийн үнэрийг мэдрээгүй ч түүний сэтгэлд нь уяатай байсан сүүлчийн хүсэл мөрөөдөл нь ийнхүү биеллээ. Аав охин хоёр уулзаж, ах дүү нар хүсэл мөрөөдлөө биелүүллээ. Та нартаа баяр хүргэе

Аав Б.Чулуунтогтох
-Маш их баярлалаа. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав. Та нартаа маш их баярлалаа. Ийм сайхан бэлэг гэж байх уу.
Бага охин Ч.Насандэлгэр
-Аавынхаа өмнөөс маш их баярлаж байна. хэлэх үг үнэхээр олдохгүй байна.
Том охин Т.Мөнхчулуун
-Аавдаа маш их хайртай. Энэ үгийг хэлэх боломж олгосон та бүхэнд баярлалаа.
Сэтгүүлч, хөтлөгч
Бидний эрэлд тусалсан нэг хүн байгаа. Тэр хүнд хамтдаа талархал илэрхийлье. Энэ хүн бол Зүүнхараагийн унаган хүүхэд Эдийн засгийн ухааны доктор Чинбатын Ундрам юм
Ч.Ундрам: Ямар гоё уулзалт болоо вэ?
-Сайн байна уу та. ТВ8 телевизийн “Тавилан” нэвтрүүлгээс ярьж байна?
-Сайн, сайн байна уу миний дүү.
-Таны тусалснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Чулуунтогтох, охин Т.Мөнхчулуун нар уулзсан.
-Тийм үү, ямар гоё уулзалт болоо вэ. Хаана уулзсан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд уулзсан уу,
-Тиймээ. Танд маш их баярлалаа.
Нэвтрүүлгийн оролцогч нар болон тусалсан бүх хүмүүстээ аз жаргал хүсье.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 3 )