Соёмботой ууланд гарсан галыг 20 минутад унтраажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд өнөөдөр 16:00 цагийн орчимд гал гарчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн гал унтраах, аврах, 14 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, 20 минутын дотор галыг унтраажээ.

Өнөөдөр гарсан галын улмаас нэг га газар шатсан байна. 

Тодотгоход, өнөөдөр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан цаазат богд Хан-Уулын захиргаа, нийслэлийн  Байгаль орчны газартай хамтран Засаг даргын  баталсан “Өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамжийг хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг  эрчимжүүлэх талаар санал солилцжээ.

Захирамжийн хүрээнд нийслэлийн найман дүүргийн ногоон бүсийн 103 чиглэлд Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны  алба хаагчид  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Хяналт, шалгалтын явцад нэг зөрчлийг арилгуулан иргэдэд  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 991 ширхэг сэрэмжлүүлэг материал тарааж, ногоон бүсээс 140 автомашин, 322  иргэнийг гаргаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top