Чөлөөт бөх: Алиреза Карими энэ жил барилдахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Ираны бөх, 92 кг-ийн жингийн дэлхийн чансааны 2-т бичигдэж байгаа Алиреза Карими өвдөгний хүнд мэс засалд орлоо гэж Ираны бөхийн холбооноос мэдээллээ.

26 настай Карими зүүн өвдөгний чагтан холбоосны хүнд гэмтэл авсан бөгөөд хагалгаа амжилттай болж өнгөрсөн гэнэ. Шигшээ багийн дасгалжуулагч Голамрез Мохаммади шавиа ирэх жилийн эхээр барилдаж эхэлнэ гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Алиреза Карими 2015 оны ДАШТ-д Ираны шигшээ багийн бүрэлдэхүүнд анх багтсан. Хагас шигшээд ОХУ-ын Абдулрашид Садулаевт ялагдан, 86 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байлаа. 92 кг-д жин өгсөн, 2018 оны ДАШТ-д хүрэл, 2019 оны дэлхийн аваргад мөнгөн медаль авсан билээ. 2019 оны ДАШТ-ий финалд АНУ-ын Жейден Кокст ялагдсан юм.

Тэрбээр 2017 оны U-23 ДАШТ-д Израилын бөхтэй барилдахгүйн тулд өмнөх тойрогт нь санаатай ялагдаж, ДБНХ-ноос зургаан сарын торгууль хүлээж байв. Харин Иранд түүнийг баатрын ёсоор угтан авч, Ираны шашны тэргүүн Аятолла Хоменеи хүлээн авч уулзан, үнэтэй бөгж бэлэглэж байсан удаатай.

Токиогийн олимпын наадамд Карими шигшээ багт багтах эсэх нь тодорхойгүй. Ираны шигшээ 97 кг-ийн жинд олимпын эрх аваагүй байгаа. Нур-Султаны ДАШТ-д тус жинд барилдсан Али Шабани 10-р байр эзэлсэн. Энэ гуравдугаар сард Хятадад болох ёстой байсан Азийн эрхийн тэмцээнд Иранаас Мохаммад Мохаммадиан зодоглох байсан ч тэмцээн цар тахлын улмаас хойшилсон билээ. Мохаммад Мохаммадиан допингийн хэргээр дөрвөн жил торгуулаад өнгөрсөн жил эргэн ирсэн. Энэ улирал олимпын аварга Кайл Снайдер, Европын аварга Владислав Байцаев нарын хүчтэнүүдийг унагаасан.

Иранчууд 97 кг”д олимпын эрх авах нь ойлгомжтой ч харин Токиод Карими барилдах уу, Мохаммадиан зодоглох уу гэдгийг Ираны бөхийн холбоо шийднэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top