Монголын ЖҮДО бөхийн холбоо “Жи-Мобайл” компанитай гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Үндэсний оператор Жи-Мобайл компани спортыг дэмжигч хөтөлбөрийн хүрээнд Монголын Жүдо бөхийн холбоотой гэрээ байгууллаа. 2018 оноос эхлэн спортыг дэмжигч хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй Жи-Мобайл компани нь Монголын Жүдо бөхийн холбоо болон жүдогийн спортыг дэмжигч хүн бүрд зориулан дараа төлбөрт ENJOY үйлчилгээний 8300**** дугаарлалтыг албан ёсоор “ЖҮДО ДЭМЖИГЧДИЙН ДУГААР” болгон зарлаж байна. Ингэснээр дараа төлбөрт ENJOY үйлчилгээний 8300 дугаарлалтыг ашиглаж байгаа хэрэглэгчдийн сарын суурь хураамжийн 10%-тай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий ивээн тэтгэлгийг гэрээний дагуу Монголын Жүдо бөхийн холбоонд 2 жилийн хугацаанд хандивлан дэмжиж ажиллахаар боллоо.

Гэрээ байгуулах арга хэмжээнд үндэсний оператор Жи-мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Монголын Жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ, МУГД Х.Болдбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг, Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Хэрлэн болон шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын Жүдо бөхийн спортод хайртай, үнэнч дэмжигч хэн бүхэн Enjoy үйлчилгээний  ЖҮДО ДЭМЖИГЧ дугаарыг ашиглан хайртай спортдоо өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан бодит дэмжлэг үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Жи-Мобайл компани нь 2018 оноос “СПОРТЫГ ДЭМЖИГЧ” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Монголын Жүдо бөхийн холбоо тэр дундаа дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг, МУГТ Б.Мөнгөнчимэг, МУГТ Г.Одбаяр, ОУХМ Г.Хэрлэн нарын тамирчдыг ивээн тэтгэж, Монголын Жюү-Жицү бөхийн холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо болон Оюутны сагсан бөмбөгийн холбоо, Монголын Туялзуур сэлэмний холбоо гэх мэт олон төрлийн спортын холбоодтой  хамтран ажиллаж, баг тамирчдаа дэмжиж ажилласаар ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top