Ардчилсан хүчин төр барих 2012-2016 онд улс орны эдийн засаг хоёр хувьд уруудаж, хасах баланс руу орсон. Үүнээс үүдэн бүтээн байгуулалт зогсон, ажилгүйдэл газар авч, улс орон унасан гэдгийг нуух юун. Харин 2016 онд МАН 65 суудал авч олонх болсон нь улс орны эдийн засгийг сэргээх, ард түмнээ ядуурлаас гаргах, бүтээн байгуулалт босгох нэгэн шалтгаан болсныг өнөөдөр бид харлаа. Нэгэн зэрэг хийж бүтээгээд сайхан болгочихоогүй ч ажил тууштай өрнөж байна. Цааш явах ч хандлага бий. Тиймээс 2016 онд ялалт байгуулсан улс төрийн ууган хүчин Засгийн газраа эмхлэн байгуулж, Засгийн газрын тэргүүнээр Ж.Эрдэнэбат томилогдсон даруйд улс орныхоо эдийн засгийг сайжруулах анхны алхмаа “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэн эхлүүлсэн. Тус орд газрын нүүрсний үнэ 27 ам.доллар байсныг шууд 72 ам.доллароор гадаад зах зээлд борлуулах шийдвэрээ хэнээс ч айхгүй хэрэгжүүлснээр нөгөө барагддаггүй “Чалко” компанид төлөгдөх өрийг дор нь дарж, эх орны эдийн засаг сэргэж эхэлсэн. Удалгүй Засгийн газар солигдож, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдав. Ийнхүү эхний ажил нь Улаанбаатар хотыг утаанаас ангижруулах байв. Ингэхдээ нийслэл рүү түүхийн нүүрс оруулахыг зогсоож, 75 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхүүдийг ханган, хотынхоо утааг 50 хувь бууруулснаар агаарын бохирдлын эрсдэлээс ард олныг ангижруулж, шийдэл гарцаа олж байгааг хаа хаанаа сайшааж байна. Мөрөөдөл мэт олон арван жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах газраа Дорноговь аймгийн Алтанширээ суманд товлож, дэд бүтэц, цахилгаан хангамж, төмөр зам бий болгон тун амжилттай ажиллаж байна. Өнгөрөгч 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газрын бодлогогүй шийдвэрээс үүдэлтэй гадаад өрийг төлөх хүнд дарамтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар даван туулж, эвсэг хамтын ажиллагааны үр дүнд цалин тэтгэврийг нэмэх, газрын баялгийг ард түмэнд хүртээх, олон алдаа завхралыг засаж, эдийн засгаа сэргээсэнд ард олон сэтгэл хангалуун байна. Монголчууд дунд эх орноо, ард түмнээ боддог аавын хүү байгааг тод томруунаар харуулсан явдал юм. Энэ УИХ ч эв эеийг хичээн ажиллаж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, бусад эрх зүйн орчноо ч сайжрууллаа. УИХ–ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд “Хуулийн хувьсгал” хийнэ гэж мэдэгдсэндээ хүрсэн. Дээрх өөрчлөлтийн дагуу 40-өөд хуулийг өөрчлөн шинэчилнэ гэдэг бас л нүсэр их ажил. Ингэснээрээ газрын баялгийг монголчууд бүх нийтээр хүртэх хууль эрхзүйн тогтолцоо бий болж, хуулийг завхруулсан алдаа дутагдлыг өөрчилж, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг эрүүлжүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж эхэлсэн юм. Өдгөөгийн төр засгийн шийдвэр гаргагчдад хугацаа богино үлдсэн ч ард түмэн та бүхнийг үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсэж байгаа нь илт. Тиймээс Монгол Улсын иргэний хувиар хэдэн зүйл хүсэж, санал тавьж байгаагаа хүргэж байна. Энэ бол ард түмний хүсэл сэтгэлийн нэгээхэн илрэл юм шүү гэдгийг дурдах хэрэгтэй.
Нэгдүгээрт, бүх зүйлийг хууль ёсны хүрээнд шийдвэрлэн явуулах. Хууль бол нийт ард түмний эрх ашигт хохирол учруулах бүхнийг хориглож, нийгмийн эрх ашгийг найдвартай хамгаалагч дархан харуул байх ёстой. Энэ салбарын шүүх прокурорын дээд удирдлагыг сольсон ч шударга үйл ажиллагаа хэрэгжиж чадахгүй удааширч байгаа нь дунд, доод шатны боловсон хүчнийг орвонгоор нь өөрчлөн эрүүлжүүлэх арга хэмжээг яаралтай авах нь ойлгомжтой боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хууль завшигчид өөрсдөдөө зориулж хууль зөрчсөнөө цагаатгах замаар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгодог хууль гаргасныг таслан зогсоож, хуулийг шударгаар ажил хэрэг болгох. Хүлээлт үүсгээд байгаа С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр авахыг оролдсон ХХБ-ны нөхөд, “ЖДҮ”-чид “Капитал” банкыг дампууруулсан зэрэг хэргүүдийг яаралтай шийдвэрлэх нь юу юунаас чухал болжээ.
Хоёрдугаарт, эх орныхоо байгалийн баялгийг харийнханд хямд зарж, эндээс олсон ашгаа оффшорт хадгалуулж, үл хөдлөх хөрөнгөтэй болсон зарим хүмүүс олон нийтэд тодорхой учраас асуудлыг шийдвэрлэх, ирэх онд “Чингис”, “Самурай” бондын өрийг төлөх хугацаа болсон Иймд оффшор бүсэд байгаа хууль бус орлогыг яаралтай хураан авч, гадаад өр төлөхөд зарцуулах ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй.
Гуравдугаарт, эрх мэдэлтнүүд газар нутаг, байгалийн баялгийг лиценз нэрээр авчихсаныг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх ард түмэн адил тэгш хүртэх болсон. Гэхдээ та бидний үр ач, хойч үе энэ улсад амьдрах учраас эд баялгаа үлдээмээр байна. Энэ чиглэлийн хайгуул ашиглалт, олборлолтыг зогсоож, “Барж идэхээр мэрж ид” гэсэн зарчмаар олборлож, төр засаг, хяналтаа сайжруулан, газар шороо, уул усаа сэндийлэхээ хязгаарлах нь юу юунаас чухал боллоо.
Дөрөвдүгээрт, одоогийн УИХ, Засгийн газрын гишүүд ч бай, айсуй цагт байгуулагдах УИХ, Засгийн газрын гишүүд ч бай, урьд өмнө өмч хувьчлал нэрээр бүх үйлдвэрээ хааж, ажилгүйдлийг бий болгосон алдаагаа бодлогоор засах. Үүнээс үүдэн ажилгүйдэл, тэтгэвэр тогтоомжийн завхрал, хөрөнгө завшсан гээд олон сөрөг зүйл болж үлдсэн. Тухайн үед өмч хувьчлал гэгч луйврыг гардан зохион байгуулсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Төрийн өмчийн хорооны дарга нар болон бусад эрх мэдэлтнүүд ард түмнээ хэрхэн яаж ядуурсан, хэсэг хүмүүс хэрхэн яаж баяжсан талаар хамгийн сайн мэдэж байгаа. Тухайлбал, Дархан хот болон бусад аймагт үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүд хувьчлалын шуурганаар зогсон, эзэд нь баяжиж, ажилчид нь гудамжинд гарсан байдаг. Энэ бүх хувьчлал хуулийн дагуу ном дүрмээрээ явсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.
Тавдугаарт,сүүлийн 30 жилд хүний мөс, ариун сайхан сэтгэл алга боллоо.Эцэг өвгөдийн үеэс Монгол хүний дархлаа нь байгаль дэлхийгээ хайрладаг, ахмад үеэ хүндэлдэг нялх балчрыг асардаг, ёс суртахуун, ухаант ардын сургаал сургамжаар залуу үеийнхнээ хүмүүжүүлэхээ орхигдуулсан. Өнөө үеийн хүмүүсийн харилцаа ёс суртахуунаа дээдлэхээс өмнө “мөнгө” гэдэг зүйлийг бурхан шүтээнээс илүү дээдэлдэг болжээ. Энэ бүгдээ цэгцэлж байж бид залуу үеэ, эх орон, газар нутгаа хайрлах сэтгэлтэй, ижий аав, анд нөхөд, хүмүүнийг хүндэлдэг ухаантай, бүхнийг зоосны нүхээр хардаг болсон муу зуршлыг арилгах учиртай.
Дархан хотын иргэн Д.ӨЛЗИЙТОГТОХ
Сэтгэгдэл ( 0 )