О.Боргилыг БУСДЫГ АМИА ХОРЛОХОД хүргэсэн гэх зүйл ангиар буруутгалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэлэлцлээ.

Улмаар шүүгдэгч О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал нөхөн төлөх талаар санал гаргаж, шүүх хуралдааныг тав хоногоор завсарлуулах хүсэлт гаргасны дагуу хурлыг завсарлуулж, ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт товлолоо. Түүнчлэн шүүгдэгч О.Боргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Top