Орос, Монголын хилээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10


Улсын онцгой комиссын 11 дэх шуурхай хуралдаан болов. 2020.03.10

Өнөөдөр /2020.03.10/ 06:00 цагийн шуурхай хуралдаанаар Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэрлэсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-нээс эхлэн гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. 

ОХУ руу орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг буюу Орос, Монголын авто замын болон төмөр замын хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг 2020.03.11-29-нийг хүртэл зогсоолоо.

Мөн Турк, Казакстан, Москвагийн нислэгийг гуравдугаар сарын 12-ны 06:30 цагаас гуравдугаар сарын 28 хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. 

Түүнчлэн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Ингэснээр 10-нд Улаанбаатараас хөдлөх Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 303-р галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ.

Дээрх хугацаанд эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэд болон Монголоос ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гаднын иргэдийг тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлэх аж.

 

Top