Сүмо бөхийн холбоо: 2019 онд ч Хакүхог давах бөх гарсангүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

“Jiji Press” агентлаг Вакабаяши Тэцүжи

Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү оякататай өнгөрсөн 2019 онд сүмо бөхийн ертөнцөд болсон үйл явдал, цаашид хийхээр төлөвлөж буй ажлынх нь талаар ярилцлаа.
 

Такакэйшёогийн хувьд 2020 он хамгийн чухал жил: Ёкозүна Кисэносато зодог тайлснаар эхэлсэн 2019 оны сүмо бөхийн ертөнцөд Асанояма зэрэг залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж, Хакүхо хэмээх их аваргыг давах гэж үзэлцлээ. Сүмо бөх үзэгчдийн тоо нэмэгдсэн хэвээр байгаа ч зодоон, дэглэлтийн хэрэг тасраагүй жил боллоо.  Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ярилцлагадаа 2020 онд шинэ залуу бөхчүүд итгэл найдварыг хариулах байх гэж найдахын сацуу 100 жилийн дараа ч сүмо бөхөө үндэсний өв соёл хэвээр нь үлдээхэд ояката, багш нарын үүрэг их гэдгийг онцлон хэлсэн юм.

-2019 онд сүмо бөхөд үе солигдох нь гэж байсан ч солигдсонгүй.

-Митакэүмигээс эхлээд залуучууд сайжирч ирсэн ч харамсалтай нь итгэл найдварт хүрсэнгүй.

-Ёкозүна Хакүхо 2018 онтой харьцуулахад гэмтэл бэртэл багатай, хоёр удаа түрүүллээ. 34 настай ч бөхчүүдийг тэргүүлсээр байлаа.

-Ийм удаан ёкозүна цолтой барилдаж байж, том гэмтэл цөөхөн өөр аварга байхгүй байх. Энэ бол өдөр болгон хийдэг бэлтгэл, сургуулийнх нь ач тус. Сүүлийн үед гэмтэх нь ихсэж байгаа гэж хэлж байгаа ч өөрийнх нь хичээл зүтгэлийн үр дүн гэж би хэлнэ.

-Хакүхог хамаагүй алгаддаг, тохойлддог гэж шүүмжлэх явдал их байна.  

-Надад тохойлддог хүнтэй барилдахад илүү амар байдаг байсан. Өрсөлдөгч сөхөж өргөх гэхэд нь доогуур нь орж, түрэн түлхэхэд хялбар байлаа. Сөхөж тохойлдлоо л гэх юм, би тийм тохиолдолд өрсөлдөгчийн цээжинд нүх гартал нь түлхэнэ гэсэн сэтгэлтэй барилддаг байсан.

-Тэгж чадахгүй байгаа залуус сул дорой байна гэсэн үг үү?

-Хакүхо тачиай золголтыг маш олон янзаар хийж чадна. Харитэ алгадаад мавашины барьц авах, өргөж сөхөөд түлхэх, бага зэрэг зайлаад барьц авах гээд л. Тийм болохоор өрсөлдөгчид нь яахаа мэдэхгүй байгаа юм. Уг нь ёкозүна хүн өрсөлдөгчдөө тааруулан, тачиай золголтоо солиод байдаггүй. Хакүхо маш хурдтай. Өрсөлдөгчөөсөө заавал түрүүнд хөдөлнө. Мэдрэмж, тэсрэлт сайтай бөх.
 


-Хакүхо аваргын хувьд Хаврын тэмцээнд үзэгчдийг уухайлуулсан, засуултай маргасан гээд хэд хэдэн асуудал гаргасан.

-Түүний байгуулсан гавьяаг бүгд үнэлдэг. Харин заримдаа өөрөө тэр гавьяагаа буулгах зүйл хийдэг нь харамсалтай.

-Өнгөрсөн жил озэки цолтнууд нэг дэвшээд, цолоо алдаад л байлаа.

-Точиношин Хакүхог хав барьцаас давж байгааг нь хараад ёкозүна болох нь дээ гэж бодож байтал чадсангүй. 15 өдөр дараалан, сайн барилдах тун хэцүү. Гоэйдо 2016 онд 15 даваатай башёд түрүүлж байсан ч бүтэн жилийнх нь барилдааныг харахаар бултаж, зайлах зуршилтай болсон нь мэдэгддэг. Такаясү  нурууны гэмтлээ бүрэн сайн эдгээвэл, буцаад озэки болж чадна. Амархан зүйл биш ч би ч гэсэн яг энэ замаар явж ирсэн.

-Такакэйшёо хоёр удаа хүнд гэмтлээ.

-Такакэйшёогийн хувьд яг одоо л ёкозүна болох үе нь. 2020 он түүний хувьд тун чухал. Дан түлхэж барилддаг бөх залуу, хүч чадалтай байх үедээ л цол ахиж чадна. Ийм барилдаантай бөх ёкозүна болох маш хэцүү. Түлхэн дайрахын тулд тачиай дээр маш анхааралтай байх ёстой. 15 өдөр анхаарлаа төвлөрүүлэх хэцүү дээ. Бэлтгэлээ улам сайн хийж, ядарч, цуцахгүй болох шаардлагатай.

АСАНОЯМАД ИТГЭЛ ТАВЬЖ, ДАЙЭЙШЁОГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

-Ёкозүна, озэкигоос доод цолтнууд дунд харин үе солигдсон.

-Үнэхээр тийм. Ялангуяа Асаноямад тун их итгэл тавьж байсан ч барилдаан нь  хэт шулуун, ойлгомжтой гэх юм уу даа. Зохицон өөрчлөгдөх чадвар дутагдалтай. Мавашины барьц авч чадаагүй бол цүппари хийн дайрч ч болно. Гэхдээ л Асанояма сайн байлаа. Баруун маваши авах гэж байгааг нь бүгд мэдэж байгаа ч унаад байгаа болохоор хүчтэй байна гэсэн үг. Одоо харин баруун, зүүнгүй барилддаг болох хэрэгтэй.

-Өөр онцлох бөх гэвэл?

-Дайэйшёо. Би өөрөө түүн шиг түлхэж барилддаг байсан болохоор их анхааралтай ажигладаг. Хүч чадал нэмэгдсэн ч хоёр гар түлхэж дайраад хөл нь хойно үлдээд байгаа нь харагддаг. Сөхөрч унатлаа бэлтгэл хийж байж, хөл сайжирдаг. Хөл бол түлхэн гаргах үндэс шүү дээ. Дасгалаа маш олон удаа давтан хийж байж, хөл зөнгөөрөө урагш хөдөлдөг болдог.

-Митакэүми?

-Бэлтгэл ханасан үедээ тун сайн барилдах юм. Харин формгүй байгаа үедээ хэрхэн давах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сэтгэл зүйн асуудал байна. Үүнийгээ бэлтгэлээсээ эхлээд засах шаардлагатай. Кюүшюүд Митакэүми эхний хэдэн өдөр ялагдаад сэтгэлээр унаад эхэлж байгаа юм. Уг нь ийм үед л тэсээд зүтгээд байвал давдаг ёстой.

-Өнгөрсөн жил холбооноос дэглэлтийн эсрэг арга хэмжээ аваад байсан ч хэрэг төвөг их гарсан.

-Урьд өмнө илэрч байгаагүй хэргүүд мэдээллээр гарч ирсэн болохоор тэр. Бөхчүүд өөрсдөө ч зөвлөгөө авахаар ирж байлаа.

-Бөхчүүд, ояката нарт сургалт явуулж байгаа гэсэн.

-Бөхчүүдийг ч шинэ бөх, 10 жилээс ахмад бөх гэж ангилж, сургалт явуулж байна. Бүхэлд нь харахад дэглэлт гэдэг өөрт хамаагүй хэрэг мэт санагдаж болох юм. Гэвч энэ олон залуучууд нэгэн дээвэр дор хамт хооллож, хонож байхад муудалцахгүй байвал илүү хачирхалтай биз дээ. Тиймээс уурлахаасаа өмнө хэсэг зуур нягтлан боддог зуршил бүгдэд нь суулгах хэрэгтэй байна.  

-Дээд, ахлах сургууль төгссөн бөхчүүд бас ч гэж юм үзсэн залуус байгаа тул дунд сургуулиас орж ирсэн бөхчүүдээс илүү хэцүү тал байдаг байх даа.

-Байлгүй яах вэ. Дэвжээ болгон өөрийн гэсэн сургалт, хүмүүжлийн арга барилтай. Бөхчүүдийг удирддаг ояката нарт ч сургалт явуулж байгаа. Одоогийн залууст сургалтын ямар хэлбэр тохирох вэ гэж эрэл хайгуул ч хийж байна.
 

ОЯКАТА НАР ҮНДЭСНИЙ СПОРТОО ХАЙРЛАХ ЁСТОЙ

-Ояката багш нар ч ямар сургалт тохирох бол гээд эргэлзэж, тээнэглэж байгаа байх.

-Маш өргөн утга агуулгатай сургалт ояката нарт явуулна. Би дэвжээний бөхчүүдэд шууд сургалт явуулах эрхгүй, ояката нар шавь нараа сургадаг. Сайн муу зүйлийг ялган салгаж, шинэ бөх хайж олох, сургах, дэвжээний эдийн засаг гээд хийх ажил тэдэнд маш их байдаг ч үндэсний спорт болох сүмо бөхөө хайрлан, хамгаалах ёстой гэсэн бодлыг толгойд нь суулгах хэрэгтэй байна.

-Маш их бэлтгэл хийлгэдэг хатуу оякатагийн тоо цөөрөхгүй юу ?

-Хатуу ширүүн барилдахгүй бол үзэгчид үзэхгүй болно. Бэлтгэлийг хамаг хүчээрээ хийхгүй, башёд идэвхгүй барилдаад байвал байдал харин ч муу тал руугаа эргэнэ.

-2019 оны зургаадугаар сард бейсболын Оо Садахарү зэрэг хүмүүстэй хамтран, “Сүмо бөхийн хөгжил” гэсэн зөвлөгөөн байгуулж байсан.

-Сүмо бөх даяарчлалын үед хэрхэн хөгжих вэ, 100 жилийн дараа сүмо бөхийг ямар байдалтай хойч үедээ үлдээсэн байх вэ гэдэг талаар ярилцдаг. Жүдо, кэндо гэсэн бусад тулааны спортын жишээг ч авч үздэг. Сүмо бөх янз янзаар шүүмжлүүлдэг ч би холбооны ажилтнууд, ояката нар хамаг чадлаараа хичээн зүтгэж байгаа гэж бодож байна.

-Даяарчлал гэсэн үг гарлаа. Мэргэжлийн сүмо бөх олимпын төрөлд орохыг зорих хэрэгтэй гэж үздэг хүн бий.

-Олон улсын тавцан, дэлхийд гарвал алдах сайн зүйл ч бий гэдгийг ойлгож байж, дэлхийн дэвжээнд гарах ёстой. Жүдогийн цагаан өмсгөлд ил цагаан гэсэн утга байсан ч одоо өмсгөл нь өнгөтэй боллоо. Ингэхээр жүдо бөхийн жинхэнэ утга алдагдаж байгаа юм биш биз гэдгийг ч бодох хэрэгтэй. Сүмо бол уламжлал, зан заншлын ертөнц. Хамгаалж авч үлдэх зүйлээ хамгаалах ёстой. Эсрэгээрээ Японы эртний уламжлалыг хамгаалж байгаа болохоор гадаадын хүмүүс сүмог сонирхдог, үргэлж дэмждэг бөхийн хорхойтнууд байдаг болохоор эрт үеийнх шигээ уламжлал ёсоор башё зохион байгуулж чадаж байгаа байх.

-2020 оны Зуны тэмцээнээс тасалбарын үнэ өөрчлөгдөнө. Үнэ нь нэмэгдэх суудал ч байна, ажлын өдөр үзэх хүн, залуучуудад зориулаад хямдрах тасалбар ч байна.

-Бөхийн өргөөнд үзэгчдийг аль болох их ирүүлэхийн тулд орон нутгийн тойргийн тэмцээн хариуцсан ояката нарын саналыг хүлээн авч, ийм өөрчлөлт хийлээ. Хамгийн урд талын тасалбарын үнийг нэмж, арын суудлыг хямдруулна. Амралтын өдөр, ажлын өдрийн тасалбар ялгаатай үнэтэй. Спортын бусад төрлөөс ч суралцсан. Үүний ачаар 282 өдөр дараалан, бүх тасалбар зарагдаад байгаа.

-Энэ өөрчлөлтөөр холбооны орлого нэмэгдэх үү?

-Ямар ч гэсэн хасагдахгүй. Бөхчүүдийн цалин хөлсийг нэмсэн болохоор бид орлогоо бууруулах эрх байхгүй.

-Одоо 700 сүмоч байгаа. Ер нь хэд байвал хамгийн тохиромжтой гэж бодож байна вэ?

-Олон байх тусам сайн. Ингэж байж хүчтэй сайн бөх төрж гарна. Холбооноос дэвжээнд төлдөг мөнгөний хэмжээг нэмж, элдэв зардлыг хасах талаар шинэчлэл хийж байгаа. Цалингийн системийн өөрчлөлт хийж, нэмж байж, бөх болох хүсэлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ. Энэ бүхний тэнцвэрийг харж байж, шинэчлэл хийж байгаа.

ХОЙЧ ҮЕДЭЭ СҮМО БӨХӨӨ ҮЛДЭЭХИЙН ТУЛД

-Энэ жил Токиогийн олимпын наадам болно.

-Бид нягт хамтран ажиллах болно. Зуны тойргийн тэмцээн зохион байгуулахгүй. Олимп, паралимпын үеэр Кокүгикан ордонд сүмо бөхийн тэмцээн зохион байгуулах төлөвлөгөө байгаа. Олимп бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаадын зочдод сүмо бөхөө сурталчлах боломж юм. Япончууд одоо ч самурай шиг үсээ боосон байдаг гэж бодож байгаа хүн гадаадад олон. Энд ирээд харахад тийм үстэй нь зөвхөн сүмочид байдаг.
 

-Та холбооны тэргүүн болсноос хойш 4 жил өнгөрлөө.

-Олон асуудал гарсан ч эсрэгээрээ энэ бүхэн ил гарснаар шинэчлэл хийх боломжтой болсон. Энэ утгаараа ояката нар, холбооны ажилтнуудын ач тусаар энэ бүхнийг хийлээ гэж бодож байна. Дэглэлтийн хэрэг олон гарсан болохоор том юм ярихгүй ч дэглэлт буурсан нь үнэн шүү.

-Улам хөгжихийн төлөө цаашид юу хийх хэрэгтэй байна вэ?

-Дээр хэлсэнчлэн ояката, багш нарыг сургах, хүмүүжүүлэх. Маш олон хэрэг явдал гарсан болохоор энэ нь хамгийн чухал гэдгийг би ойлгосон.

-Урьд өмнө ёкозүна, озэки байсан ояката нар нэр сүрээрээ шавь цуглуулан, дэвжээ өвлөн авдаг байсан бол одоо жирийн ояката их болжээ. Бусад спортыг харсан ч алдартай тамирчнаас илүү сайн хичээл хийж, боловсрол эзэмшсэн нь дасгалжуулагч болж байна.

-Ийм сайн багш, оякататай яаж болох вэ гэдгээ сайн ярилцаж, ойлгох чухал. Энэ нь дараагийн үед уламжлагдан, 100 жилийн дараа ч сүмо бөх уламжлалт өв хэвээр үлдээсэй гэж хүсдэг. Биднээс ахмад үеийнхэн ч ингэж бодож байсан байх. Тэдний үед бүр ч хэцүү байсан. Ахмадуудаас хүлээн авсан сүмо бөхөө энэ чигээр нь дараачийн үедээ хүлээлгэн өгөхийг хичээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top