Сарри: Роналдог онцолж өргөмжилсөн зүйл огт байхгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 01



Маргааш буюу арванхоёрдугаар сарын 2-нд алдарт France Football сэтгүүлээс уламжлал ёсоор Оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж, “Алтан бөмбөг”-ийн эзнийг зарлах болно.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Аргентины шигшээ болон Испанийн “Барселона”-гийн довтлогч Лионель Месси, Голландын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн хамгаалагч Виржил Ван Дейк мөн Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо нар тус шагналыг хүртэх боломжтойгоос Месси зургаа дахиа гардах магадлал өндөр байгаа гэнэ.



Роналдогийн хувьд сүүлийн сар гаруйн хугацаанд өвдгөндөө зовиур мэдэрч, “Ювентус”-ын зарим тоглолтыг өнжихөд хүрсэн. Тэгээд ч түүнийг формдоо ороогүй байгаа талаар Турины багийн ахлах дасгалжуулагч Маурицио Сарри дахин өгүүлсэн байна. Гэхдээ “Ballon D`Or” буюу “Алтан бөмбөг”-ийг  Криштиано Роналдог хүртээсэй гэж хүсэж буйгаа илэрхийлжээ.

“Манай багт гурван гайхалтай довтлогч бий. Гэхдээ Криштиано Роналдо бол онцгой тоглогч. Одоогоор формдоо ороогүй  байгаа тул ганцаарчилсан бэлтгэл болон багийнхантайгаа нэгдсэн бэлтгэлийг хослуулж байна. Түүний сэтгэлийн тэнхээ, эрч хүч, хүсэл эрмэлзлэлийг мэдэх болохоор энэ ням гаригт талбайд гарах бүрэн боломжтой. Үүн дээр нэмж нэг зүйл зориуд хэлье. Баг дотор Роналдог онцолж өргөмжилсөн зүйл огт байхгүй. Тоглогч бүр дахин давтагдашгүй чанартай. Тиймээс нэг тоглогч биш баг хамгийн чухал гэдгийг ойлгох ёстой. Криштиано Роналдогийн хувьд өөрийгөө багаас илүү өндөр дээд гэж боддоггүй залуу гэдгийг хэлье.

“Алтан бөмбөг”-ийг Роналдо хүртээсэй гэж би бодож байна. Учир нь тэр бол өөр зэрэглэлийн тоглогч. Ирээдүйд Пауло Дибала ч энэ шагналд нэр дэвшиж, өрсөлдөж чадна гэж би боддог. Ер нь би хувь шагналыг сонирхдоггүй” хэмээн Маурицио Сарри өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top