“Урт” нэртэй хуулийг засварласан Д.Батбаяр, Я.Батсуурь мэтийн гишүүдийг “дүүжлүүрийн олс” хүлээж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

 


Аливаа хуулийг хэрэгжүүлэх гэж л гаргадаг. Сүүлийн жилүүдэд энэ зарчим алдагджээ. Баталсан хуулиа харин маргааш нь дахин өөрчлөх гэж УИХ  өөрөө зүтгэдэг боллоо. Эрүүл мэндийн тухай хуулиа батлаад удаагүй байтал энэ салбарыг улс төржүүлэгчид “Бушуухан өөрчил, эс тэгвээс эмч нар өвчтөнүүдэд үйлчлэхгүй” гэх ухааны юм яриад гүйж явна. Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газруудын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон. Энэ хуулиа манайхан бүтэн нэрлэхээс цээрлээд “Урт” нэрт хэмээх болоод байгаа. Гэвч үүнтэй холбогдсон хэрүүл тэмцэл даамжирсаар хэсэг морьтонгууд “Ус нутгаа аврах” аян “дайн”-д мордсоноо зарлаж байна. Төрийн ордон руу тэд хэдэн удаа нум сумаар харваад авсан. Үүнийгээ сануулга хэмээн өчиж байна лээ. Урьд нь тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алт олборлож байсан гадаадын компани руу 20 гаруй удаа буудсан. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй байгаа. Тэгтэл “Урт” нэртэй гэх уг хуулийн дээрх хориглосон заалтыг хөнгөлөхөөр УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Я.Батсуурь, Ж.Батсуурь нарын зэрэг гишүүд хуулийн төсөл санаачлан саяхан Байнгын хорооны хурлаар хэлэлцэж чуулганд оруулахаар болов. Тэд алт ухах эрхээ түр хаалгаад байгаа 260 гаруй компаний хүсэлтээр ийнхүү лобби үүсгэн улайрч буй ажээ. Энэ талаар хэвлэлүүд олонтоо бичсэн. Лобби хийх гол ажлыг Гацуурт компаний эзэн канад эр Жон анх манай дарга нартай ярилцаж тохирсон гэх мэдээ ч байна. Үүнийг нь хүч түрэн дэмжих хөдөлгөөнийг уул уурхайн компаниуд хэдхэн хоногийн өмнө байгуулж “Хэрвээ зөвшөөрлийг дахиж олгохгүй бол бид өөрсдөө ажлаа шууд эхэлнэ” гэж шаардлаа. Өөрөөр хэлбэл ийнхүү Засгийн газар, алтны компаниуд, “Гал үндэстэн”-үүд гэсэн гурван этгээдийн халз тулаан эхэлж байна. Гацууртын эзэн Жоны булхайг “Гал үндэстэн”-үүд дэлгээд  байгаа. Тэдний мэдээллээс үзвэл Жон нь 50 гаруй сая доллартой тэнцэхүйц байгалийн сүйтгэл хийчихсэн гэнэ. Мөн их хэмжээний алт хууль бусаар хил давуулсан гэж хардаж байна. Хардах гэснээс хэдэн жилийн өмнө манайхан 20 тонн алтаа харийнханы хулгайд алдчихсан юм билээ. Одоо хэн ч үүнийг эрж хайхгүй байгаа нь тун хачирхалтай. 68 хувийн гэнэтийн ашгийг татвар төлж байсан жилүүдэд улсад дөнгөж 5 тонн орчим алт тушаагдсан байна. Ингээд бодохоор манай улс алт олборлоод ямар ашиг олов гэсэн асуулт аяндаа гараад ирнэ. Энэ мэтийн хачирхалтай зүйл ар араасаа хөвөрсөөр эцэст нь монголчууд  эрүүл саруул газар нутагтай үлдэх үү, хэдэн килограмм алттай хоцрох уу гэсэн шийдлийн торгон зааг дээр хүрээд иржээ. Сүйрч буй байгаль орчны талаар бүхэлд нь хамж яривал зөндөө их юм бичнэ. Уншигчид маань залхах байх. Ихэнхийг нь цөмөөрөө сонссон л байгаа. Өнөөдөр Өмнөговь, Дорнодын их тал тэр чигээрээ сүйрлийн ирмэгт тулаад байна. Гол нуурууд ширгэж байна. Хэдхэн жилийн дараа Орхон, Онон мөрөн үгүй болох нь ээ. Иймэрхүү нөхцөл бүрдсээр атал алтны компаниудад дулдуйдсан хууль дахин яригдлаа. “Урт” нэртэй хуулийн дээрх хориглосон заалтад хамаарах 391 тусгай зөвшөөрлийн 276 нь алтны, 43 нь барилгын материалын, 31 нь нүүрсний, 31 нь өөр бусад төрлийн ашигт малтмалынх нь гэж Засгийн газраас анх мэдээлсэн. Одоо эдгээрийг хуульд нийцүүлэн лицензийг нь хураан авбал нөхөн олговорт 7 их наяд төгрөг өгөх болно гэж байна. Гэхдээ тэдгээр уурхайн эвдэж сүйтгэсэн, хордуулсан газар шорооны үнэлгээг тооцож үзвэл Засгийн газар, компаниудын хоорондын өгөө аваа бараг тэнцэнэ гэсэн хүн ч цөөнгүй. Тиймээс хуулийг заавал тэдгээр компаниудын эрхшээлд орж өөрчлөхгүйгээр шууд ингэж баланслуулах хэрэгтэй байх. Эс тэгвээс шударга иргэд маань босч тэмцэхэд бэлэн болоод байгаа бололтой. Ямартаа л нэгэн шооч эр “Хууль өөрчлөх гээд гүйж яваа Д.Батбаяр, Я.Батсуурь нарын зэрэг хүмүүсийг дүүжлүүрийн олсны гогцоо хүлээж байгаа байх шүү” хэмээн ёгтолж байхав. Энэ бол зүгээр нэг шог үг биш болов уу. Бухимдсан, газар шороогоо хайрласан олон мянган монголчуудын сэтгэл зүрхний амин хайрын үг байх аа. Аймаар юм. “Дүүжлүүрийн олс” гэнэ ээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top