Хил дээр саатуулагдсан боксын шүүгч хувийн шугамаар гадагш зорчжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Монгол Улсын хоёр иргэн хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 28-ны өдөр их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр баригджээ. Оросын гаалийн ажилтнууд тэднийг саатуулсан ба хоёул албан паспорттой иргэд байжээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр тэдний нэг нь Боксын Олон улсын шүүгч буюу Олон улсын боксын холбоо /AIBA/-нд данстай монгол шүүгч байжээ 

Бид энэ талаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангаас тодрууллаа. Дипломат шуудан, машины номерыг хуурамчаар үйлдэн, микро автобусаар янжуур тамхи зөөвөрлөх гэж байгаад саатуулагдсан хэрэгт тус холбооны шүүгч холбогдсон талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.

-Олон улсын боксын холбоо /AIBA/-ны шүүгч Г.Бадрах хил дээр саатуулагдсан талаар та мэдээлэл сонссон уу?

-Хэвлэл мэдээллээс сонслоо. Бид юу болсон талаар мэдээлэл авахаар тодорхой хэмжээнд харилцаа холбоо тогтоож байна.  

-Хоёр хоногийн өмнө хил дээр саатуулсан юм байна. Ямар нэгэн тэмцээн шүүх ажилтай явсан уу?

-Монголын боксын холбоо болон Олон улсын боксын холбооны шугамаар ямар нэгэн тэмцээн шүүх ажилд оролцоогүй. Хувийн ажлаар гадагш явсан байсан бололтой.

-Хамгийн сүүлд гадаадын улс оронд ямар тэмцээн шүүсэн бэ?

-Аравдугаар сарын 3-13-нд ОХУ-ын Улаан-Үдэд болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүүсэн. Олон улсын холбооны шүүгчийн зэрэгтэй тул Олон улсын боксын холбоо буюу AIBA түүнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүүлгэхээр томилсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЫБӨ(66.181.161.101) 2019 оны 10 сарын 30

оо ОДОО БҮР СПОРТЫН НЭР ХҮНД ДАВХАР АЛУУУЛЛАА ДАА ХӨӨРХИЙ ГЭЖ

0  |  0
Top