ТОКИО ХҮРЭХ ЗАМ: 3Х3 сагсан бөмбөг

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Ц.Энхтүвшин . “Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч

“Токио-2020” Олимпын хөтөлбөрт спорт авиралт, каратэ, серфинг, скэйтборд гэсэн спорт шинээр багтсан. Мөн нэлээд хэдэн спортод шинэ төрөл нэмэгдэж байгаа. Үүний нэг нь сагсан бөмбөгийн 3х3 төрөл.

Сагсан бөмбөгийн энэ төрөл Олимпын хөтөлбөрт анх багтсан бөгөөд “Токио-2020” эрэгтэй, эмэгтэй тус тус найман баг оролцоно. Зохион байгуулагч орон Японы баг эрхээ авч чадаагүй тохиолдолд эрэгтэй, эмэгтэй багийн аль нэгийг нь сонгон оролцуулах юм. Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Олимпод оролцох боломж маш өндөр байгаа.

2019 оны 11 дүгээр сарын 1-ний чансаагаар эхний 3-4 баг Олимпын эрхээ авна. Чансааг үндэстний буюу нэг орны эр, эм багуудын нийлбэр оноогоор гаргана. 2019 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар Үндэстний чансаагаар эхний наймд:

1. ОХУ- 19,546 оноо

2. БНХАУ- 18,355 оноо

3. МОНГОЛ-15,858 оноо

4. Франц- 12,052 оноо

5. Румын- 10,201 оноо

6. Холланд- 9,660 оноо

7. Япон-9,558 оноо

8. АНУ-8,793 оноотой бичигдэж байна.

Үүнээс гадна Олимпын эрх олгох тэмцээнд чансаагаар эрх авч чадаагүй 16 өндөр чансаатай орон, мөн 2019 оны Дэлхийн цомд эхний гуравт орсон АНУ, Латви, Польш, зохион байгуулагч Энэтхэг гээд нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 орон оролцож, эхний гуравт орсон буюу медаль хүртсэн орнууд эрхээ авах юм.

Дээр нь Universality-driven буюу Олимпизмийн түгээмэл байдлын зарчмын дагуу 2012,2016 оны олимпод сагсан бөмбөгөөр оролцож байгаагүй, чансаагаар эрхээ аваагүй дараагийн өндөр чансаатай 5 орон, мөн энэ тэмцээнийг зохион байгуулах орон гээд 6 багийн дунд бас нэг тэмцээн зохиож, түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй нэг нэг баг сүүлчийн найм дахь эрхийг авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top