“Хэн цагдаад шалгуулах ёстой вэ” сэдвээр С.Эрдэнийг мэтгэлцээнд дууджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Ардчилсан нам /АН/-ын “Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв АН-ын дарга С.Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудлаа.

Тэрбээр С.Эрдэнийг ирэх долоо хоногийн лхагва гараг буюу 2019.10.30-ны 11:30 цагт хэвлэл мэдээлэлд нээлттэйгээр “АН шинэчлэгдсэн үү”, “Та төмсөгдүүлсэн улстөрч мөн үү”, “Хэн цагдаад шалгуулах ёстой вэ” сэдвээр мэтгэлцье хэмээн дуудсан юм.

АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв АН-ын дарга С.Эрдэнийг мэтгэлцээнд дуудах болсон шалтгаанаа “Өнгөрсөн хугацаанд АН-ын олон зуун намын гишүүд АН-ын толгойд гарчихаад байгаа цөөхөн хэдэн олигархуудыг огцор гэдэг шаардлагыг тавьсан. Ингэж шаардах олон үндэслэл бий. Намаа шинэчилье гэхээр өөдөөс С.Эрдэнэ дарга “Үгэнд ор. Үгэнд орохгүй бол намаасаа хөөнө” гэж тулгадаг болсон. Өнгөрсөн жилийн хугацаанд маш олон шударга гишүүн хөөгдсөн. Тиймээс бид шаардлагаа чангаруулж, огцрохыг хатуу шаардаж байгаа. Бид хөдөө орон нутагт намын гишүүдтэй уулзаад бодлогоо танилцуулахаар С.Эрдэнэ дарга цагдаад өгч дарамтлуулсан. Өнгөрсөн зургаадугаар сарын 4-нд огцрох шаардлага тавьсны төлөө цагдаад өгч дарамталж байсан. Өчигдөр биднийг бас цагдаа дуудлаа.

Учир нь есдүгээр сарын 16-нд сонинд ярилцлага өгсөн юм. АН-ын 30 жилийн ой болж байна. Талбай дээр шоу хийхийнхээ оронд улс оронд ямар өөрчлөлт гарсан юм бэ гэдгээ дүгнээч гэдэг шаардлага тавьсан. Гэтэл С.Эрдэнэ намайг цагдаад өглөө. С.Эрдэнэ бол өнгөрсөн 30 жил Монголын төрөөр тоглож, Монголын баялгийг хуйвалдаж авч идсэн нь үнэн. Монгол Улсад шударга ёс тогтооно гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл тогтсонгүй. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ АН-аар дамжуулж эрх мэдэлд хүрээд олон авлигад холбогдсон. Түүнийг нь хэлэхээр цагдаад өгдөг. С.Эрдэнэ Хандгайтын амыг тэр чигт нь авсан нь үнэн биз дээ. Хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрыг дээрэмдсэн нь үнэн биз дээ. Хүүхдийн паркаас тастаад “Шонхор” таур барьсан. Энэ бүхэн хулгай. Гэтэл С.Эрдэнэ АН-ын бланк дээр, АН-ын тамга дарж байгаад АН-ын гишүүдээ цагдаад өгч байна. Нэг бол намын тамга дарж гишүүдээ хасдаг, нэг бол намын тамга дарж гишүүдээ цагдаад өгдөг намын даргатай байж болохгүй. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ огцрох хэрэгтэй” хэмээлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУРЦ(202.126.89.42) 2019 оны 10 сарын 23

ЭРДЭНЭ МАНДТУГАЙ

0  |  0
иргэн(192.82.74.233) 2019 оны 10 сарын 23

Цагдаа хүн дарамтлах үүрэг хүлээсэн юмуу

0  |  0
Top