Оюутолгойн хоолонд хордсон хүний тоо 89-д хүрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Оюутолгойн хоолонд хордсон гэх хүмүүс өдөрт 10-аар нэмэгдэж байна.  Гэтэл хоол идээгүй хүмүүс ч  өвдөөд эхэлсэн байна. Өмнөговь аймгийн «Оюутолгой Гашуунсухайт» чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил гүйцэтгэн, Оюутолгойн төслийн Өмнөд Кэмп /хотхон/-д байрлаж буй "Очир төв", "Мон роуд", "Эрчим" зэрэг дотоодын таван компанийн 67 ажилчин хордлого авсан тухай бид өчигдөр мэдээлсэн. ХӨСҮТ-өөс хордсон ажилчдын биеийн байдал ямар байгааг тодруулахад өчигдөр өглөөний байдлаар хордлого авсан ажилчдын тоо 89-д хүрчээ. Харин өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, хоёр хүн хүндэвтэр байгаа аж.  Хотоос томилогдож очсон эмчилгээний багийнхан өвчтөнүүдэд шингэн сэлбэх эмчилгээг хийж байгаа ч таваас дээш удаа суулгах, бөөлжих, шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд гарч байгаа гэнэ.  Дээрх 67 ажилчин  “Модерн Номадс”-ын бүрмэл тахианы мах идсэнээр ийн хорджээ.  Хоолны үлдэгдэл байхгүй байгаа учраас дээж авч чадаагүй аж. Харин хоолонд хэрэглэсэн түүхий хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд явуулжээ. Мөн хордсон хүмүүсээс нянгийн шинжилгээ авсан байна. Хариу гурав хоногийн дараа гарах бөгөөд голомтын газар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ажилчдыг хувийн ариун цэвэр сахих заавар өгөөд байгаа юм байна. Гэвч энэхүү хордлого нь хоолноос өөр шалтгаантай байж магадгүй гэдэг нь хоол идээгүй ч өвдсөн хүмүүсээс тодорхой болж байна.

 Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top