2024 оноос УИХ-ыг холимог, 2025 оноос Ерөнхийлөгчийг парламентаас...

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Нэг ийм хувилбар яригдаад эхэлжээ. Эхнээс нь тайлбарлая. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажилласан. Зөвлөлдөх санал асуулга хийж, орон даяар уулзалт зохион байгуулах гээд нүсэр ажил хийсэн л дээ. Үр дүн ч гарч 2000 оноос хойш анх удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-ын чуулганы хоёр хэлэлцүүлэг давлаа. Энэ хооронд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс өөр нэг хуулийн төслийн дайтай санал өгснийг зөвшилцөж оруулсан гэж байгаа. Ерөнхийлөгчийн өгсөн саналууд дунд байсан УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох асуудал мөрөөрөө гэлдэрч явсан хуулийн төсөлд олон нийтийн анхаарлыг хандуулчихсан.

Уг нь бол олон улсын томоохон төслүүд хэрэгжихийг дагаад үндэстэн дамнасан корпорациуд манайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн, дотооддоо улс төр, бизнесийн бүлэглэлүүд хүчирхэгжсэн үед парламентыг гадны нөлөөлөлтэй шийдвэр гаргахаас сэргийлэх эхний алхам тоог нь нэмэх байсан юм. Бас бүрэн эрхийн хугацааг уртасгах хэрээр улстөржилтгүй ажиллах цаг нэмэгдэх байлаа.

Гэлээ гээд яах вэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажил явагдаж байх хооронд тойрогтоо ажилласан гишүүд “Юун УИХ-ын гишүүдийн тоог нэмж, хугацааг уртасгах вэ” гэж салам загнуулж ирээд дээрх хоёр заалтыг дэмжилгүй явуулчихсан даа. Мөн АН-ын зүгээс “Гүйцэтгэх засаглалд эрх мэдэл олгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруу­лах” гэсэн засаглалтай холбоотой шаардлага хүргүүлж байлаа. Үүнийг эрх баригчид хэлэлцээд хүлээж аваагүй. 

Харин Үндсэн хуулийн өөрч­лөлтөө яаж батлуулах вэ гэдэг дээр хоёр хэцүү замын салаанд очсон болов уу гэж бодогддог. Чуулганаар хэлэлцээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах тохиолдолд 57-гийн босгыг давах учиртай.

Гэтэл АН-ын долоон гишүүн дэмжихгүй нь ил байлаа. Дээр нь МАН дотроос ч тодорхой гишүүд дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Дээр нь ШИНЭН-ын хоёр, бие даагч нар яах нь эргэлзээтэйг хэлэх үү. Хойтон жил УИХ-ын ээлжит сонгууль болохыг угтаад дээд удирдлагаа сөрөх замаар олон нийтэд өөрийгөө таниулахаар зарим МАН-ын УИХ-ын гишүүд ажиллаад эхэлбэл бүр зовлонтой болно. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолыг баталсан байх.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд дурдсанаар бол нийт насанд хүрэгчдийн 50+1 хувийн дэмжлэгийг авах ёстой. Хэрэв санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь зүйтэй гэсэн нь дэмжигдвэл УИХ дахь сөрөг хүчин АН ч, Ерөнхийлөгч ч эсэргүүцэх аргагүй болох байв.

Гэхдээ “ЖДҮ”, “60 тэрбум”-ын дуулиан газар авсан, АН Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн, МАХН-аас улстөр­жилтөө Үндсэн хуулийн чиглэлээр явуулж байгаа үед санал асуулгын ирц хүрэх эсэх нь ээдрээтэй. Хүрсэн ч дэмжих үү гэдэг хэцүү. Сонгуулиар мөнгө тарааж, машинаар зөөж байж ирцээ хүргэдэг хөрстэй байхад шүү дээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсаныг УИХ-ын чуулганаар хэлэлцээд хүлээж авчихаад байна. Хориг хүлээж авсан нь МАН-ын дотор саналаа бүрэн нэгтгээгүйн ч илэрхийлэл боллоо. Хоригийг хүлээн авсанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахиж хийхээр болж байна. Анхандаа Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан Ерөнхийлөгч яагаад ийм үйлдэл гаргав гэдэг ч асуултын тэмдэгтэй байгаа. Хуулийн өөрчлөлт таалагдсангүй юу эсвэл зарим хүний хардаад байгаа шиг ерөөсөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулахгүй цаг хожих санаатай байна уу мэдэх юм алга. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн хориг гацаанд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг мухардлаас аварч байгаа бололтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулаад байгаа. Уг Ажлын хэсэгт МАН-аас тав, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинэ намын дарга Ж.Батзандан нар багтжээ. Зөвшилцлийн гол цөм нь АН, МАН дунд явах болов уу. Энэ далимаар АН-ын талаас өмнө нь зүтгүүлээд чадаагүй УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох асуудлаа тавиад байгаа. Хэрэв үүнийг зөвшөөрөх юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гацаа гарчих боломжтой. Тэгвэл МАН-ын дунд нэг ийм яриа болжээ. Тухайлбал, 2020 оны сонгууль бараг хаяанд ирчихээд байхад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд пропорционал  тогтолцооны хувилбарыг оруу­лахад хүндрэлтэй. Ерөөсөө өөр өөрсдийнхөө тойргуудийг тордож “усалсан” ажил унана гэж үзсэн бололтой. Мөн өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахиад өрсөлдөх хүсэлтэй байгаа нь тодорхой. Хэрэв хуулиар Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгодог юм гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга зүйл заалт бүрээс нь өө олоод хориг тавиад байх магадлалтай. Энэ саадыг алгасах арга зам юу байна гэж. Ингээд АН-ын дэмжлэгийг Үндсэн хуулийн өөрчлөлт дээр авахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрч­лөлтөд сонгуулийн холимог тогтол­цоог оруулахдаа 2024 оны УИХ-ын сонгуулиас эхэлж дагаж мөрдөнө. Харин Ерөнхийлөгчийг 2025 оноос эхлэн парламентаас сонгодог болъё гэсэн санаагаа гаргажээ. Үүнийгээ АН-ын талтай ч ярилцаад авсан гэнэ. АН-ын хувьд хариу хэлээгүй байгаа бололтой. Энэ саналыг АН-ын зүгээс боломжтой гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал дээр АН, МАН нэгдмэл байр суурьтай болно. Ингэснээр Үндсэн хуу­лийн нэмэлт, өөрчлөлт УИХ-ын чуулганаар хэлэлцээд батлахад ногоон гэрлээр гараад явчихна гэсэн ү

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.135) 2019 оны 10 сарын 14

Сонгууль чухал юм шиг яриад байх юм даа ард түмний амьдрал банкны өндөр хүүтэй зээлээс болж ядуурч бдаг энэ талаар энэ 4 жилд ахицтай өөрчлөлт гарсангүй ард иргэдэд сайхан амьдрал хэрэгтэй болохоос та бүгдийн албан тушаал сонгууль энэ тэр сонин биш болсон ш дээ\n\n

0  |  1
Top