BOOKTELLER: М.Уянсүхийн "Аварга мод" номоос онцлох 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Зохиолч, яруу найрагч М.Уянсүх нь 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлж, яруу найраг, хүүрнэл зохиол, эссэ чиглэлийн 20 гаруй ном туурвисан. Түүний хамгийн сүүлийн бүтээл "Аварга Мод" роман нь уншигчдын гарт очоод удаагүй байна. Тус романаас онцлох 10 эшлэлийг хүргэе. 


1

Тэгээд ч байлдан дагууллын бүх түүх эцэстээ өөрийгөө мөхөөж дуусдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв зам бол бусдыг эрхшээн захирах бус өөрийгөө хамгаалан авч үлдэх тэр ухаан юм.

 

2

Эл бүрхэг орчлонд амьдрах хугацаандаа бид хэдийгээр хэмжээлшгүй ихийг мөрөөдөн тэмүүлж байдаг боловч эцэстээ тэр нь одоо байгаа хэмжээнээсээ жаахан ч болов хальж гарахыг хүссэн тэмүүлэл төдий зүйл байдаг.

 

3

Цаг хугацаа гэгч үгүйсгэснээ зөвшөөрч, зөвшөөрснөө үгүйсгэж байдаг мэт.

 

4

Ер нь амьдрал гэдэг товч хэлэхэд цэг, цэг, таслал төдий юм. Таслал, дахиад цэг, цэг. Төгсгөлгүй үргэлжлэх цэг, цэг, таслалуудаас амьдрал бүтнэ. Бусад тэмдэгтүүд чухал биш. Зүгээр л дайварууд. Цэг дотор бүх юм бий. Таслал бол түр зогсолт. Амьсгаа авалт. Тэгээд дахиад л цэг, цэг, цэг...

 

5

Эхлэл зам гэдэг цаанаа л нэг уяралтай аж! Насны аян туулж яваа хүн бүхэнд тийм зам бий. Гагцхүү тэр замаа анх яаж эхэлсэн нь өөр, өөр байдаг. Түүнийг дагаад дурсамж нь ч өөр, өөр. Зарим нь эхэн үеэ юу ч санадаггүй. Зарим нь бүдэг, бадаг санадаг. Тэр нь заримдаа цагийн замаар бүдгэрч, заримдаа улам тодорч ирдэг.

 

6

Ер нь хүн гээч амьтан хүршгүй холыг мөрөөдөн дэвэрч тэмүүлэх, бүтэшгүйг нь мэдээд өөртөө шаналж гутрах хоёрын дундаас өөрийгөө илүү сайн ойлгож таньдаг байж магадгүй гэж би боддог.

 

7

Ямар ч гүн харанхуй байлаа гээд өнчин лааны хөх дөлийг залгиж дийлсэн удаагүй.

 

8

Ирж л байдаг, буцаж л байдаг хорвоо гэх боловч амьдрал өөрөө мөнхийн хүлээлт. Хэн хүлээж чадна, тэр хүссэнээ авах магадлалтай. Хүлээсэн зүйл ирэхгүй байлаа ч гэсэн хүлээж чадсан өдөр хоногууд утга учиртай болдог. Дүүрэн болдог.

 

9

Бүсгүй хүн өөрөө зовлонгийн эх тул ямар ч зовлонг тэсэхдээ эрчүүлээс тохой илүү.

 

10

Бодлоос бодол хөврөх тусам амьдрал улам гүнзгийрч, далай тэнгис лугаа гадагш түрэн халгиж байдаг. Гагцхүү халгин түрж буй тэр амьдрал л сайхан. Тийм болохоор харуусал, гашуудал, айдас, цөхрөл хэдий арвин их байлаа гээд амьдралыг үгүйсгэж дийлэхгүй. Тийм болохоор амьд явах сайхан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top