Ц.Мянганбаяр Олон овоотын алтны нөөцийг 100 тонн гэж банкуудыг хулхидан их хэмжээний зээл авч байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

 

Баларсан, завхарсан юм их болж байна аа. Байтлаа алтыг нь ухаад авахаа мэддэг атлаа нөөцийг нь хэн ч тогтоогүй шахуу орд газраас хөлжсөн хүмүүс байна гэв үү. Монголд Олон овоот гэж томоохон орд бий. Хэдэн жилийн турш энд “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр алт олборлосон. Багагүй  хэмжээний алт авч хэтэвчээ зузаалсан гэдэг. Тэрээр энэ ордыг “Анод”, “Зоос” банкинд зээлийн барьцаа болгож байлаа. Эдгээр банкуудаас нийтдээ 189 тэрбум төгрөг авчээ. Мөн эцэст нь “Голдман сакс” банкинд тавьж 30 тэрбум төгрөг авсан байна. Тус банк ийм хэмжээний мөнгө өгснөөс харахад Олон овоотын орд тийм ч муу нөөцтэй үлдээгүй болов уу. Гэтэл зарим нь энэ ордыг юу ч үгүй цөлмөсөн, одоо тэнд алт хайгаад нэмэргүй гэх маягийн юм ярьцгааж байна. Гэтэл Ц.Мянганбаяр хоёрхон жилийн өмнө Олон овоотын ордын нөөцийг 100 тонн гэж сайрхаж байсан юм. Тийм байж болох л байх. Тэгвэл “Анод” банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваа бас үүнийг батлан ярьж байлаа. Ц.Мянганбаяр тухайн үед “Анод” банкнаас их хэмжээний зээл аваад дампуурах замыг нь засалцаж өгсөн юм. Н.Даваа харин түүний банкных нь барьцаанд тавьсан Олон овоотын ордын алтны нөөцөд шунан шүлсээ хий дэмий залгихдаа “100 тонн алттны нөөцтэй” гэж Ц.Мянганбаярыг үгийг тоть шиг давтсан болов уу. Магадгүй, тухайн үед Ц.Мянганбаяр түүний тархийг “зад” барьж суугаад мөнгө зээлдсэн байх. Ингэж үзэх үндэс бас байна. УИХ-ын зарим алтанд дурладаг гишүүд Олон овоотын ордыг бүр 1000 тонн гэж цуурч байв. Эдгээрийн аль нь үнэ болохыг одоо хүмүүс мэдэхгүй болжээ. Олон овоот бол Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт, Улаанбаатараас машинаар гараад 550 км давхиад хүрэх газарт бий. Тус ордын нөөцийг анх 2004 онд 18,4 тонн алттай гэж Эрдэс баялгийн нөөцийн санд бүртгэжээ. Эндээс Ц.Мянганбаяр дөнгөж 5 орчим тонн алт авсан гэнэ. Тэгвэл цаана нь 13 тонн гаруй нөөц байгаа гэсэн үг. Гэвч энэ нь бас л эргэлзээтэй. Нөөц нь ч, ухаж авсан алт нь ч аль нь үнэн бодитоор мэдээлэгдэхгүй байгаа юм шиг байна. “Голдман сакс”-ын хийлгэсэн өөр нэг судалгаа байдаг ажээ. Түүнээс харвал Олон овоот нь 12,2 тонн нөөцтэй ч юм шиг. Ер нь тун ойлгомжгүй байна. Ц.Мянганбаяр банкуудаас зээл авахын тулд нөөцийг нь дурын тоогоороо хэлж залилсан байхыг хэн ч үгүйсгэхгүй бололтой. Тэр тэгж золигтон, нохой зан гаргаж чадах л хүн дээ. Гэхдээ Олон овоотыг дахин нарийвчлан судалж үзэхэд илүүдэхгүй болов уу.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top