2019 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 33978 ажил хайгч байгаа гэсэн статистик мэдээлэл гарчээ.
Иймд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 онд хэрэгжих 6 хөтөлбөрийг танилцуулах, ажил хайгч болон ажил олгогч нарын холбон зуучлах үйлчилгээний шат дамжлагыг хялбарчлах үүднээс “Боломж ба шийдэл” өдөрлөгийг өнөөдөр /2019.04.09/ зохион байгууллаа. Өдөрлөг Баянгол дүүргийн иргэд, ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр сонирхож буй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ажил олгогч байгууллагуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Ажил олгогч 20 гаруй байгууллагын 300 орчим ажлын байранд ажлын шууд ярилцлага хийж, сонгон шалгаруулалт явуулж байлаа. Өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр сонирхсон иргэдэд төсөл хэрхэн бичих, сав баглаа боодол, бүтээлч сэтгэлгээ ба алсын хараа сэдвээр мэргэжлийн бизнесийн зөвлөхүүд сургалт хийсэн нь иргэдэд их таалагдаж, өөрт хэрэгтэй сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцсан, мөн нийгмийн халамжийн үйлчилгээ, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс иргэдэд нийгмийн даатгалтай холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгөх, нийгмийн даатгалын аппликейшиныг гар утсанд нь суулгаж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байлаа.
Өдөрлөгийн ач холбогдол, үр дүнгийн талаар Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Л.Тамираас тодрууллаа.

-Өдөрлөгийг зорьж ирсэн хүмүүс ямар үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой болж байгаа вэ?
-Өнөөдөр бид маш олон арга хэмжээг нэг дор зохион байгуулж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж байгаа 6-н төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг албан ёсоор эхлүүллээ. Хамгийн гол нь ажлын шуурхай ярилцлага гэх ажилд зуучлах шинэлэг үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгууллаа. Энэ үеэр ажилд хайж ирсэн иргэд маань нэгэн зэрэг олон ажил олгогч нартай ярилцлага хийж, өөрт тохирсон ажлаа олох боломжтой болж байгаагаараа онцлогтой. Ажил олгогч нарын хувьд олон тооны ажил хайгчидтай ярилцлага хийж хүний нөөцөө бүрдүүлэх боломж олдож байгаа юм.
-Өнөөдрийн арга хэмжээнд зөвхөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг албан байгууллагууд хүрэлцэн ирсэн үү?
-Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг байгууллагуудыг урьж оролцуулсан. Энэ дунд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани ч байгаа. Зөвхөн Баянгол дүүргээр хязгаарлагдахгүй. Жишээлбэл, “Скай” хайпермаркет, “Номин”, “Таван богд” ХХК, “Little sheep” сүлжээ хоолны ресторан, Буян ХХК, Тэнгэрийн хишиг ХХК, Бургер кинг, Гацуурт ХХК, Миний сүлжээ дэлгүүр, UB лавлах 1617, CU, Сиркл Кей ХХК зэрэг байгууллагууд оролцож байна.
-Ажил олгогч болон ажил хайгчдын хувьд тогтвортой ажлын байр, чадварлаг боловсон хүчнээ олж авах өргөн боломж гэж оролцогчид ярьж байна?
-Тийм шүү. Ажил хайгчдын хувьд маш том боломж нээгдэж байна. Тухайлбал, ажил хайгч “CU” сүлжээ дэлгүүрт орох хүсэлтээ өмнө нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст өгдөг байсан. Бид үүнээс тохирох ажлын байр нь тохиолдвол эргэн холбогдох гэх зэрэг шат дарааллаар явдаг байсан. Харин одоо ажлын шуурхай ярилцлагын үеэр ажил хайгч хүссэн байгууллагатайгаа богино хугацаанд харилцаа тогтоож, цаг хэмнэж байна.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн захиргаа хяналтын албаны дарга Б.Өлзийсайхан өдөрлөгийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр 2019 оныг иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээнд өнөөдрийн "Боломж ба шийдэл" өдөрлөгийг төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа. Арга хэмжээний үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нар өөрсдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргасан.
Ажил олгогчд нарын хувьд сүүлийн үед хүн ажилд авах, хүний нөөцөө бүрдүүлэхэд их хүндрэлтэй байгаа талаар уулзаж ярилцахад хэлдэг, тиймээс төрөөс ажил олгогчдоо дэмжих, хамтран ажиллахад санаачлагатай ажиллах үүрэг бидний өмнө байна.

Сэтгэгдэл ( 0 )