Озэки асан Барүто парламентын гишүүн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

“Японы мэргэжлийн сүмо бөхийн озэки асан, Эстонийн сүмоч Барүто хэмээх Кайдо Хёвельсон парламентын гишүүн боллоо” гэж Эстонийн ERR агентлаг мэдээллээ.

Барүто энэ сарын 3-нд болсон парламентын сонгуульд “Estonian Centre Party” намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Гэвч түүний тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигч болох хотын дарга ажлаа өгөх бодолгүй байна хэмээн нэрээ татсан байна. Ингэснээр саналын тоогоор 2-т бичигдэж байсан Барүто парламентын гишүүн болох нь тодорхой болжээ.

Сонгуулийн албан ёсны дүн гарах болоогүй ч Барүто твиттер хуудсаараа дамжуулан, сонгуульд ялалт байгуулснаа зарлан, “Эстони, Япон хоёр улсын эв найрамдал, хамтын ажиллагааны гүүр болохын төлөө хичээн ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Барүто 2013 онд зодог тайлан, Японы холимог тулаанд хүч үзэж байсан ч 2018 онд эх орондоо хариад байсан юм. Барүто “Estonian Centre Party” намын ХАА, спорт, Азийн орнуудтай хийх харилцааг хариуцан ажиллаж байгаа. Мэргэжлийн сүмочдоос “Оошима” дэвжээний Кёкүдозан 1996 онд, манай Кёкүшюүзан 2008 онд сонгуульд өрсөлдөн, парламентын гишүүн болж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top