ТУСГАЙ САНГИЙН МӨРӨӨР: Зам ашигласны төлбөр дээр тогтдог АВТО ЗАМЫН САН

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Засгийн газрын тусгай сангуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын баримт, дүгнэлт, тоймыг ZINDAA.mn цувралаар хүргэж байна.


САНГИЙН НЭР: АВТО ЗАМЫН САН

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий “Авто замын сан”-тай байна гэж заасан байдаг. Үүн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төлбөр авах цэг /Авто замын сан/ нь Зам тээврийн хөгжлийн төв /ТӨҮГ/-ийн Төлбөр авах нэгж, хөдөлгөөний хэлтсийн статусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндсэн орлого нь төлбөр авах цэгүүд бөгөөд улсын Авто замын санг бүрдүүлж, орлогыг улсын төсөвт 100 хувь төвлөрүүлдэг. Авто замын тухай хуулийн 25.1-д Улсын авто замын сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэхээр заасан байдаг ажээ.

  • Импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь;
  • Гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
  • Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
  • Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр;
  • Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөр, хураамж;
  • Авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр байдаг.

    ТӨСӨВ БҮРДҮҮЛЭЛТИЙГ 132 ХУВИАР БИЕЛҮҮЛДЭГ ТӨЛБӨР АВАХ ЦЭГ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон ба ЗТХ-ийн сайдын 2016.10.21-ний өдрийн 57 тоот тушаалаар “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах цэгийн зохион байгуулалт, орлогыг төвлөрүүлэх, зарцуулах үйл ажиллагааны журам”-ыг баталсан байдаг.

Одоогоор авто зам ашигласны төлбөр авах 19 цэгт 130 ажилтан, захиргааны 8 нийт 138 орон тоогоор ажиллаж байна.

Авто замын сангийн төсвийн орлогын үндсэн хэсгийг төлбөр авах цэгүүдээр дамжуулан бүрдүүлдэг байна. Төлбөр хураах цэгүүд нь 2016 онд нийт 4.8 тэрбум төгрөгийн орлого төлөвлөснөөс 4 тэрбум 969,7 сая төгрөгийн, 2017 онд 5 тэрбум 300 сая төгрөгийн орлого төлөвлөснөөс 7 тэрбум 6.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 103.5-132 хувиар биелүүлжээ.

Төлбөр авах цэгүүд нь 2016-2017 онд орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн ч Баруун-Уртын төлбөр авах цэгийн хөдөлгөөний эрчмийг өндрөөр тогтоож төлөвлөсөн, 2017 онд Булганы төлбөр авах цэгийг шинээр ашиглалтад оруулсон боловч баруун хил рүү чиглэсэн өөр замтайгаас шалтгаалж хөдөлгөөний эрчим бага байснаас тус цэгийн орлого тасарсан байна.

Дээрх байдлаас харахад, төлбөр авах цэгийн орлогыг төлөвлөхдөө хөдөлгөөний эрчмийг бодитой судалж уялдуулан төлөвлөх нь зүйтэй байна. Бусад орлогоор 2016 онд 9 тэрбум 732.8 сая төгрөг, 2017 онд 13 тэрбум 564 сая төгрөг олсон нь төлбөр авах цэгүүдээр өдөрт олон удаа нэвтрэх тээврийн хэрэгслийн замын төлбөрийн зохих хувийг хөнгөлөн гэрээ байгуулан оруулсан орлого аж.


САНГИЙН НЭМЭЛТ ОРЛОГО БА ӨР АВЛАГА

Авто замын сан нь 2016 оны жилийн эцэст 3 тэрбум 179 сая төгрөгийн авлагатай гарсан ч 2017 оны жилийн эцэст 421.3 мянган төгрөг болж, авлага буурсан байна. 2016 онд үүссэн энэхүү их хэмжээний авлага нь улсын төсөвт төвлөрүүлсэн төлөвлөгөөнөөс давсан орлогыг Сангийн яамнаас буцаан авах авлагатай гарсантай холбоотой байсныг 2017 онд Сангийн яамнаас буцаан олгожээ.

Харин 2017 оны эцэст 421.3 мянган төгрөгийн авлагатай гарсан нь ажилчидтай холбоотой авлага байв.

Санхүүжилтийн хувьд олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын хураамжийн улсын төсөвт оруулсан төлөвлөгөөнөөс давсан орлогоос Сангийн сайдын тушаалаар Замын сангийн Төрийн сан дахь орлогын дансанд санхүүжилтийг олгон, Авто замын тухай хуульд заасны дагуу авто замын засвар, арчлалт, төлбөр авах цэгийн байр барих, урсгал засвар хийх, тоног төхөөрөмж, эд хогшил авахад зарцуулсан байна.

Сангийн сайдын 2015.06.26-ны 163 тоот тушаалаар 2014 оны үйл ажиллагааны нэмэлт орлогоос байгууллагад олгох зардлаас Авто замын санд 304.5 сая төгрөг олгогдсон байна. Уг хөрөнгөөр Зам тээврийн сайдын 2016.03.16-ны өдрийн 62 тоот тушаалаар 330 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх 3 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталснаас гүйцэтгэлээр 305.2 сая төгрөг зарцуулсан байна. Үүнд, Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замд барих төлбөр хураах цэгийн барилга, цахилгаан хангамж, авто замын өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Чойр-Сайншанд чиглэлийн замд шинээр барьсан төлбөр хураах цэгийн цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлийг “Чингүүд” ХХК, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд шинээр барьсан төлбөр хураах цэгийн цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлийг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Д.Мандат нар хууль журмын дагуу хэрэгжүүлжээ.


ДҮГНЭЛТ: БИЕ ДААСАН ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

Төлбөр хураах цэг /Авто замын сан/ нь үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Улсын авто замын санд 19 төлбөр авах цэгээр дамжуулан 2016 онд 4 тэрбум 969.7 сая төгрөг, 2017 онд 7 тэрбум 6.9 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт тус тус төвлөрүүлэн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж ажиллажээ. Батлагдсан төсвийн хүрээнд зардал гарган хэмнэлттэй зарцуулж, хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хийж, тооцоог бодож, үр дүнг баталгаажуулан, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг зохих журмын дагуу орлогод авч, данс бүртгэлд тусган бүртгэж ажилласан байна.

Гэвч Авто замын тухай хуульд Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой зааснаас зөвхөн авто зам ашигласны төлбөрөөр сангийн эх үүсвэрийг бүрдүүлэн, хуульд заасан бусад эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөлийг ханган ажиллаагүй байна.

Сангийн эх үүсвэр нэмэгдсэнээр төлбөр авах цэгийн байршил нэмэгдэх, зам ашиглалттай холбоотой тээврийн хяналтын техник, тоног төхөөрөмжөөр хангагдах, зам засвар арчлалтын чанар, хүртээмж сайжрах, төлбөр хураагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар хангалттай ажиллаагүй тухай зөрчил гарчээ. Төлбөр авах цэгийн замын сангийн орлого, үйл ажиллагааны зарлага санхүүжилт нь Төсвийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа боловч Төрийн өмчит үйлдвэрийн газрын дотоод бүтцэд нэгж хэлбэрээр ажиллуулж байгаа нь Авто замын сангийн бие даасан байдал алдагдаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж чадахгүйд хүргэж байгаа юм.

Иймд Зам тээврийн хөгжлийн төв /ТӨҮГ/-ийн бүтцээс гаргаж, бие даасан хуулийн этгээд /сан/-ийн хэлбэрээр ажиллуулах нь оновчтой болохыг шалгалтаар тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төрөө(59.153.112.107) 2019 оны 03 сарын 11

энэ чинь ёстой аймаар орлоготой юм байна тэхээр мөнгө хураагч нарын авсантай нийлвэл 2 дахин их мөнгө 14 тэрбум гаран олдог байна ш дээ

0  |  0
төрөө(59.153.112.107) 2019 оны 03 сарын 11

энэ чинь ёстой аймаар орлоготой юм байна тэхээр мөнгө хураагч нарын авсантай нийлвэл 2 дахин их мөнгө 14 тэрбум гаран олдог байна ш дээ

0  |  0
төрөө(59.153.112.107) 2022 оны 12 сарын 02

энэ чинь ёстой аймаар орлоготой юм байна тэхээр мөнгө хураагч нарын авсантай нийлвэл 2 дахин их мөнгө 14 тэрбум гаран олдог байна ш дээ

1  |  0
ХЭНЧБИШ(203.91.115.49) 2019 оны 03 сарын 11

Налайхын авто замын хуураамж авах цэгийг өргөтгөх цаг нь болсон юм бүй заа 2-3 кабин тавьж хашаа тойрч зугатаах боломжийг хаах цаг нь болсон баайх аа

0  |  0
Top