ШУУД: ЗХЖШ-аас амиа алдсан цэргийн талаар мэдээлэл хийж байна

2019 оны 01 сарын 25

Зэвсэгт хүчний жанжин штабаас Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг А амиа алдсан хэргийн талаар  мэдээлэл хийлээ.

 

Мэдээллийг Бригадын генерал Б.Амгаланбаатар өгсөн юм. Б.Амгаланбаатар "Энэ хэрэг Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:30-16:00 цагийн хооронд болсон байна. Тухайн өдөр салбарын байранд үзлэг хийхэд эмх замбараагүй байдалтай байсан. Цэргүүдээс гар утас олдсон байна. Цэргүүд сахилга бат зөрчсөн учраас хариуцлага оногдуулж, ахлагч цэргүүдийг авч гараад, гүйлгэсэн байгаа юм. Энэ үед талийгаач "Гүйж чадахгүй. Амьсгал давхцаад байна. Дотор муухайраад байна" гэж хэлсэн байна. Тиймээс цэргүүдийн гүйлтийг зогсоож, байрандаа оруулсан байна. Энэ үеэр талийгаач байлдагчийн бие дахин муудсан. Ингээд алба хаагчид гар, хөлөнд нь массаж хийсэн. Цэргүүд дараагийн цагийн хичээлд орж байхад талийгаач таталт өгч, ангийн эмчийг дуудсан байдаг. Эмч үзээд багийн эмнэлэгт хүргэхээр болсон. Багийн эмнэлэгт очиход зүрх нь зогссон. Талийгаач эмнэлэг явах замдаа амьсгал хураасан байна. Өнгөрсөн хоёр өдөр ажлын хэсэг тухайн ангид ажиллаад ирлээ.

 

Цэргийн дүрэм зөрчсөн, зөрчил дутагдал давтагдсан байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, ангийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт муу тавьж байсан байна. Хоёрдугаарт, сахилгын шийтгэлийг зүй бусаар ногдуулсан. Гуравдугаарт, эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн. Тухайн ангийн шат шатны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг Батлан хамгаалахын сайдтай ярилцаж байна. Ийм хэрэг явдал болсон харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэлээ.

 

ШУУД ҮЗЭХ


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top