Өмнийн говийн соёлын өдрүүд маргааш өндөрлөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Сүхбаатарын талбайд өчигдөр Өмнөговь аймгийн соёлын өдөрлөгийн нээлт боллоо. Өдөрлөгийг эхлүүлсэн "Говь фестиваль-2011" үзэсгэлэнд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчилсан юм. Энэ үеэр говийн дархан урчууд, уран бүтээлчдийн "Өмнийн цэнхэр говь" уран зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ. 150 гаруй жилийн түүхтэй Ноён сэврэй хийцийн мөнгөн эдлэлүүдийг нийтэд дэлгэн харуулсан нь үзэсгэлэнгийн онцлог бөгөөд ардын урлалын үнэт бүтээлүүдээс бүрдсэн 400 гаруй үзмэрийг толилуулав. Соёлын өдрүүдийн хүрээнд "Алтан говийн аялгуу" хүндэтгэлийн тоглолт маргааш болно. Энэхүү арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж, Өмнөговь аймгийн уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриадын Гавьяат жүжигчин, Төрийн хан хуурч, Ерөөлч, магтаалч нарын төвийн тэргүүн Ц.Цэрэндорж хуурын татлага өргөх бол ҮДБЭЧ, БЦДБЭТ, ДБЭТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид уран бүтээлээсээ дээжилнэ. Мөн маргааш 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд улсын хурц арслан Г.Дэмүүлийн дурсгалд зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох аж. Энэхүү барилдаанаар нийслэл дэх Өмнөговь аймгийн соёлын өдрүүд өндөрлөнө.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top