”Таван Толгой Транс” компаниин үйл ажиллагааг нээлттэй болгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар өчигдөр мэдээлэл сонсчээ.

Өмнөговьд Оюу толгой, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгаа ч хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлийн улмаас саад бэрхшээл тулгарч буй аж. Тиймээс эрх ашигтаа хөтлөгдөж, бүтээн байгуулалтын ажлын явцыг удаашруулж буй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргад өгчээ. Мөн орон нутгийн өмчит "Таван Толгой Транс" компанийн үйл ажиллагааг нээлттэй болгох үүргийг ч өгсөн байна.
Засгийн газрын түвшинд дээрх компанийн захирлууд нь ямар шалгуураар томилогддог, оператор компанииг яаж шалгаруулдаг, нүүрс борлуулах гэрээгээ хэрхэн хийдгийг мэддэггүй. Гэтэл тус компани 2010 онд хамгийн их нүүрс экспортолж, ашиг олсон компани аж.
Оюу толгой, Таван толгойн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхтэй холбоотойгоор тус аймагт хүн ам ихээр суурьших болж байгаа тул нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай хэмээн үзэж, нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэн, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгахаар болжээ. Түүнчлэн 175 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаарх мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өгөв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top