Монголчууд хууль бусаар виз бүрдүүлэн Солонгос руу гарах ойлголтоосоо салах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

БНСУ руу виз гаргаж өгнө гэсэн зараар залилуулах иргэдийн тоо буурахгүй, харин ч өссөөр байна. Тэгвэл энэхүү зард итгэж, залилуулж байгаа иргэдэд өөрсдөд нь их асуудал байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэд аливаа хууль бус, хялбар аргыг эрэлхийлэхдээ ийнхүү гэмт хэргийн золиос болж байгаа нь маргашгүй үнэн юм. Виз бүрдүүлэлтийг хууль бус буюу арын хаалгаар хийх боломж тун бага. Тиймээс дүрэм журмынх нь дагуу материалаа бүрдүүлээд өгөхөд л болно гэдгийг албаны хүмүүс зөвлөдөг.
 Виз бүрдүүлэлт тал дээр зөвлөгөө, орчуулга хийж түүндээ тодорхой хэмжээний хөлс авч буй цөөхөн газрууд бий. Түүнийг буруугаар ашиглаж, Солонгосын элчин сайдын яам руу таны бичиг баримтыг барьж ороод Элчин сайдыг өрөөнд нь найрч сууж байгаад тамгалаад аваад гарч байгаа юм шиг тайлбарлаад, тэрийгээ тусгай үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг ойлголт өгч өндөр хөлс нэхсэн олон газрууд байдаг бололтой.
Солонгосын виз мэдүүлэх ажил нь өөрөө шат дараалсан дэг, журамтай, хуультай. Түүний хүрээнд хэн ч бай виз мэдүүлж болох бөгөөд хил нэвтрэх гэж байгаа хүн нь тухайн улсын хуулийн дагуу аялаж, ажиллаж чадах хүнээ сонгодог. Нэг ёсондоо таны бичиг баримт бүрэн, аялах зорилго тодорхой, хуулийн дагуу зөрчилгүй бол татгалзах шалтгаан үүсэхгүй.
Үүнийг анх удаа юм уу, визний шаардлага хангаж чадахгүй байгаа хүмүүсийн толгойг эргүүлж "виз гаргаж өгнө, найдвартай зуучилна" гэсэн хүнээс болгоомжлох хэрэгтэй.
Тэр зуучлаад байгаа хүн чинь өөрөө Солонгосын элчинг таних нь байтугай, царайг нь ч хараагүй нөхөр байгаа. Визний материалыг элчин сайдын яаманд нэг цонхон дээр бөөнөөр нь аваачиж өгдөг. Ирсэн дарааллаар нь шалгаад тэнцэх үү, үгүй юу гэдгийг шалгаж байгаа ажилтан нь л шийднэ. 
Манай Монгол шиг тэр даргын тэр хамаатан гэж очер дайрч урдуур нь ороод хувийн амьдралын хов базангаа энэ хүнийг гялс Солонгос явуулчаач гэдэг ч юм уу, найрч суугаад нэг хоолонд даагаад, эсвэл нэг шил архи хамт уунгаа тулгаж ажлыг чинь бүтээдэггүй. 
Тийм боломж байхгүй. Тэд нар чинь Солонгосууд. 
Харин виз гарах магадлал муутай бол дипломат аялал, эсвэл хүнд өвчтөн гэж өрөвдүүлэх материалаа сайн бүрдүүлж чадвал гарах магадлалтай. Ер нь анхдагч материалаа маш зөв, алдаагүй бүрдүүлэх учиртай, түүнд нь зөвлөгөө өгч, ийм ийм хууль, журамтай учраас ийм юм бүрдүүл гэх арга замыг нь л зааж өгөх нь виз зуучлагчдын үндсэн ажил. Үүнээс өөрөөр толгойг чинь эргүүлж, их мөнгө нэхэж байгаа бол худлаа шүү. 
Гэнэн цайлгандаа, виз гаргуулж явах гэж улайрсандаа, виз найдвартай гаргана гэсэн луйварчдад мөнгөө алдаад байгаа иргэд энэхүү мэдээллийг анхааралтай уншиж, сайтар ойлговол зохилтой санагдана.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top