Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг эхлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн авто замын газраас өнөөдрөөс эхлэн 1.6 жилийн хугацаатай Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг хаахаар болж байна. Иргэдийн нэрлэж заншсанаар "Home Plaza"-гийн уулзвараас Нарны замын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй юм. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Олимпийн гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16000-20000 мянган автомашин зорчдог. Тиймээс энэ гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. Гүүрэн гарцтай холбоотой тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлах үед дараахь долоон байршилд хөдөлгөөн зохицуулах, замын ачааллыг бууруулах зорилгоор түр зам ашиглалтад оруулахаар болжээ.
Нэг: Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай шууд холбоно
Гандигийн гудамжийг Нарны замтай шууд холбосноор Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурна хэмээн үзжээ. Тус зам нь 0.41 км урттай байх бөгөөд урьдчилсан байдлаар 393 сая төгрөг төсөвлөсөн байна.
Хоёр: Махатма Гандигийн гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөө болон Хүннү хорооллын хойд замтай холбоно.
Гандигийн гудамж Нийслэл хүрээ өргөн чөлөө, Орчлон сургуулийн урдуур, Хүннү 2222 хорооллын хойд талын автозамууд холбогдож, Их тэнгэрээс хотын төв чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахаар болжээ. Энд 0.7 км түр зам 500 гаруй сая төгрөгөөр тавигдах юм.
Гурав: Рапид харш хорооллын авто замыг Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбоно
Гандигийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замуудыг 15 метр замаар холбосноор орон сууцны хорооллоос гарч, орох тээврийг хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөжээ.
Дөрөв: Наадам төвийн ар, Төв цэнгэлдэхийн урдуур Рапид харшийн орчим буюу Махатма Гандийгийн гудамжийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай шууд холбоно
Одоо байгаа 290 м асфальтбетон хучилттай авто замын хашаа хаалтыг буулган тэмдэг, тэмдэглэл хийж, шинээр 240м хэсэгт авто зам барьснаар Гандигийн гудамж Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замууд холбогдож тухайн хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулна гэж төлөвлөжээ.
Тав: Нийслэл хүрээ өргөн чөлөө - Удирдлагын академийн хойд талын авто замтай холбоно
Төв цэнгэлдэхийн харалдаа, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Удирдлагын академийн хойд талын авто замууд холбогдож, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулна гэж төлөвлөжээ.
Зургаа: Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүрийг холбоно
Дүнжингарав болон Саруул хотхоны голоор Хүннүгийн гудамжаас Соёолжийн гүүр хүртэл 0.32 км авто замтай болсноор гүүрэн гарцтай холбоотой тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлах үед Хүннүгийн гудамжны 2 талд байрлах орон сууцны хорооллын оршин суугчид Нарны замтай холбогдох гол гарцуудын нэг нь Баянмонголын нүхэн гарц, Соёолжийн нүхэн гарц болно. Тухайн замд эгнээ тусгаарлах, хайс тэмдэг, тэмдэглэгээний ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Долоо: Авто замчдын гудамжийг сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбоно
Олимпийн гудамжны хөдөлгөөний хязгаарлахтай холбоотой Дамдинсүрэнгийн гудамны 2 талд байрлах иргэдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуваарилах үүрэгтэй. 0.14км авто зам түр гүүр байрлуулж, угсрах, тулгуур болон холбох 18 у/м замыг барих ажлын зардал Нийслэлийн замын сангийн төсөвт тусгагдсан байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
Энэ олон түр замуудаа зурган дээр харуулчихвал илүү ойлгомжтой болно!