Чингэлтэй дүүргийн хэмжээнд 80 хэрэгт 82 хүүхэд хохирчээ

2018 оны 04 сарын 14

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ СУДАЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу насанд хүрээгүй хүн гэмт хэргийн улмаас хохирсон гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцөлийн талаар 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргүүдэд насанд хүрээгүй хүн гэмт хэргийн улмаас хохирсон байдлыг судалжээ.

2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус дүүргийн хэмжээнд нийт 1663 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Үүнээс насанд хүрээгүй хүн хохирсон 80 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаснаас нийт 82 хүүхэд хохирчээ. Хүйсээр нь авч үзвэл  52 буюу 63.4 хувь нь эрэгтэй, 30 буюу 37 хувь нь эмэгтэй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газрыг судлахад нийт 80 хэргийн 32 буюу 40 хувь нь гудамж талбайд, 18 буюу 22.5 хувь ахуйн хүрээнд, 30 буюу 37.5 хувь нь бусад газар буюу сургууль, орц, автобус, писи тоглоомын газар, зочид буудал, худалдааны төв зэрэгт үйлдэгджээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй хамаарал бүхий байдлыг судалж үзэхэд нийт 82 хүүхдийн 13 буюу 15,8 хувь нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн халдлагад өртөж эрүүл мэндийн болон хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ.

Насанд хүрээгүй хүн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрлөөр нь авч үзвэл 16 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүүхдийн амь нас, 8 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, 5 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон байх бөгөөд 53 хүүхэд дээрэмдэх, залилах, хулгайлах, завших гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Судалгааны дүнгээс дүгнэж үзвэл дээрэмдэх, хулгайлах, залилах гэмт хэрэгт хүүхэд  хичээл сургуулиа тараад харих замдаа эсхүл хичээлийн болон хичээлийн бус цагаар хий дэмий гадуур сэлгүүцэх, писи тоглоомын газарт цагийг өнгөрүүлэх, өөрийн гэнэн, итгэмтгий сониуч зангаасаа болж үл бүтэх этгээдийн үгэнд хууртагдаж эд хөрөнгөөрөө хохирч байна. Хүчирхийлэлд өртөгдөж буй тохиолдол нь эцэг, эхийн таарамжгүй харьцаа, хэрүүл маргаантай орчин, архидалт, ажилгүйдэл, гэмт хэрэг үйлдэгчийн зан үйл зэрэг хүчин зүйлүүдээс хүүхэд гэмт хэрэгт өртөн хохирчээ.

Иймд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 14 хорооны Засаг дарга болон ерөнхий боловсролын 13 сургуулиудад прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Прокурорын Ерөнхий Газар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top