Манай улсад Азийн Хөлбөмбөгийн холбооны "А", "В", "С" ангиллын дасгалжуулагчийн сургалтууд үргэлжилж байна. "В" ангиллын дасгалжуулагчийн сургалтад оролцож байгаа дасгалжуулагч Б.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
Сургалт үр дүнтэй болж байна уу?
- Маш сайхан сургалт болж байна. Иордан улсын сургагч багш Зиад Акоубе бидэнд их ойлгомжтой байдлаар зааж байгаа учраас маш их зүйлийг сурч байна.
Өмнө нь АХБХ-ны "С" ангиллын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж байсан уу?

- Би 2011 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон АХБХ-ны "С" ангиллын дасгалжуулагчийн сургалтад "Эрчим" клубийн З.Баттулга тэргүүтэй дасгалжуулагчидтай хамт сурч байсан. Түүнээс хойш долоон жилийн хугацаанд "Унаганууд" клубтэйгээ ажиллаж байгаад одоо "В" ангилалд сууж байна.
- Таны хувьд "А" ангиллын дасгалжуулагч болтол хэр хугацаа шаардлагаай гэж бодож байна вэ?
- "А" ангилалтай дасгалжуулагч болохын тулд маш урт хугацаа хэрэгтэй. Мэдлэгээс гадна асар их туршлагатай байж "А" ангилалтай дасгалжуулагч болох эрхтэй болно. Бидний үеийн залуучууд "В", "С" ангилал дээрээ удаан ажиллаж байж тэнд хүрэх туршлага хуримтлуулна. Туршлага хуримтлуулах хугацаандаа үргэлж өөрийгөө сайжруулж, ажлын үр дүн гаргах ёстойг бас анхаарах нь зүйтэй гэж боддог.
-Иорданы Зиад Акоубе сургагч багш манай дасгалжуулагчдын гаргадаг нийтлэг алдаа юу гэв?
- Манайхан өөрсдийн мэддэг, энгийн зүйлээ заадаггүй. Үргэлж дээгүүр түвшний юм зааж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чаддаггүй зүйл ажиглагдаж байна. Дасгалжуулагч хүн тоглогчидтойгоо, хүүхдүүдтэйгээ илүү тулж ажиллан, энгийн бөгөөд чухал гэсэн үндсэн зүйлсийг маш сайн эзэмшүүлэх хэрэгтэй гэж санагдлаа.
Дасгалжуулагч болохоор шийдсэн залууст өөрийн зүгээс зөвлөгөө өгөөч гэв л ?
- Дасгалжуулагч гэдэг асар их тэвчээр шаардсан ажил. Хэрэв энэ ажлыг хийхээр зориглосон л бол тэвчээртэй байж, өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлж байж амжилтад хүрнэ гэдгийг л хэлье дээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )