Казахстан, БНХАУ-ыг айлгасан ”Facebook” хувьсгал удахгүй Монголд болно

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудыг Facebook хувьсгал гэгч аюул дайрч сүйд хийж байгаа билээ. Улс орон нь энэхүү “аймшигт” гамшигт нэрвэгдвэл удирдагчид нэгдүгээрт үхэх, хоёрдугаарт шүүхийн өмнө зогсоод дараа нь үхэх, гуравдугаарт сайн дураараа огцроод эх орноо орхих гэсэн гуравхан л зам үлдэж байгаа. Хулчгар хүнд бол дээрх гурван замын эхнийх нь аймаар (гэхдээ зоригтой хүнд бол хамгийн аятайхан), дараагийнх нь арай гайгүй ч бас л аймаар, гурав дахь нь боломжийн гэж сангдана. Эхний замаар орсон хүн одоогоор гараагүй. Бүгд хоёр, дахь, эсвэл гурав дахь замыг сонгон одож байна.

Сонголт хийсэн эхний хүн болох тунис эр Бен Али “боломжийн” хувилбарыг сонгон Саудын Арабт хоргодож буй. Хоёр дахь хүн Х.Мубарак мөн гурав дахь замыг сонгосон ч харамсалтай нь эх орноо орхих боломж гараагүй. Энэ улсын нэгэн генерал цагийн байдлыг овжин мэдэрснийхээ үрээр өдгөө том бялуу идэж байгаа юм (Х.Мубарак огцорч байгаагаа мэдэгдэх үедээ эрх мэдлээ батлан хамгаалах яамны сайддаа үлдээсэн. Уг нь бол хууль ёсоор Ерөнхий сайдад эрх мэдэл очих ёстой байсан аж). Ливийн албан тушаал нэгтэн нь гарцгүй болж байгааг харсан Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салех өнгөрөгч мягмар гарагт “боломжийн” хувилбарыг сонгосон гурав дахь хүнээр тодорлоо. Тэрбээр Арабын орнуудын зөвлөлөөс санал болгосон “Огцор. Гадгшаа явахад чинь саад хийхгүй” гэсэн саналыг хүлээж авсан.

Албан тушаалтайгаа зууралдан, Зааны ясан эргийг цусанд умбуулсныхаа дараа шүүхийн өмнө зогсоход бэлэн гэсэн мэдэгдэл хийсэн Лоран Гбагбо үүний жишээ. Ливийн удирдагч М.Каддафи Африкийн орнуудын зөвлөлөөс санал болгосон энхийн төлөвлөгөөг эхлээд зөвшөөрч байснаа дараа нь эрс өөр, биелэгдэх боломжгүй шаардлагыг боосогчдод тавьсан нь сонирхол татлаа. Тэрээр засгийн эрхийг зөвхөн өөрийн хүү Сейф аль-Исламд шилжүүлж, өөртөө ямар нэгэн хүндэт тушаалыг үлдээх гэнэ. Гуравт нь тэр улс орондоо үлдэнэ гэжээ. Энэ нь түүнийг Ойрхи Дорнодын удирдагчдаас эхний (аймаар) замыг сонгож байгаа эхний хүн болох нь гэсэн сэтгэгдлийг төрүүллээ.

Ойрхи Дорнодын болон лалын шашинт иргэд олонтой улсын удирдагчид хувьсгал гарахаас айж янз бүрийн арга хэрэгжүүлж байна. Сирийн Ерөнхийлөгч гэхэд улс орондоо 30 шахам жил хүчин төгөлдөр үйлчилсэн “онцгой байдал”-ыг цуцлах амлалт өгч ирэх долоо хонгоос хэрэгжүүлэх гэж буй. Амлалт өгч аргадах нэг нь байхад үүнийхээ хажуугаар өөртөө ашигтай байдал гаргаж авахыг оролдсон овсгоотнууд ч байх аж. Тэд Facebook хувьсгалаас ашигтай зайлсхийх оновчтой саналын уралдаан зарлажээ. Энэхүү тоглоомд оролцогчдоос хамгийн ашигтай хувилбарыг олж чадсан хүнд одоогоор Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев тооцогдоод байна. Тэрбээр сөрөг хүчин нь том дуугараад эхлэнгүүт иргэддээ “Байдал үнэхээр ийм байгаа юм бол та нар сонголтоо хий л дээ” гэж хэлээд ээлжит бус сонгуулийг “гялс” зохион байгуулсан. Хэрвээ дахиад ганц, хоёр сар азнасан бол иргэд хувьсгалын нөлөөнд улам ихээр автаж, сөрөг хүчин сонгуульд оролцохоос татгалзахаа больж, ер нь нөхцөл байдал эсрэгээр эргэх байлаа. Сөрөг хүчин сонгуульд оролцохгүй гэдгээ зарлаад “Энэ удаагийн ээлжит бус сонгууль шинэ удирдагчийг тодруулах биш, улс орныг 20 гаруй жил засагласан Н.Назарбаевын бүрэн эрхийг дахин долоо, эсвэл 10 жилээр сунгах “зохион байгуулалттай ажиллагаа” гэж мэдэгдэж байсан нь ёсоор болох нь тэр. Өөрөөр хэлбэл, иргэд хуучин дэглэмдээ үлдэж, Нурсултан Абишевич бүрэн эрхийн хугацаагаа долоон жилээр сунган, далимд нь Facebook хямралаас сэргийлж чадав. Тэрбээр торгон мэдрэмжтэй дарангуйлагч гэдгээ харуулсан. Казахстан улс Ази тивд оршдог учир дээрх хувьсгалыг бүс нутгийг хамарсан гэхээсээ илүү “лалын шашинтны хувьсгал” гэж хэлэхэд болохоор байна. Гэтэл лалын биш бүх бүс нутагт хавтгайруулан ашиглаж байгаа улс орон ч байна. 

Фэйсбүүк хувьсгалыг өөртөө ашигтайгаар эргүүлж байгаа бас нэг улс бол БНХАУ билээ. Тус улсын эрх баригчид “фэйсбүүк хувьсгал” дэгдэж эхэлмэгц лалын шашинт Шинжаан Уйгурын өөртөө засах мужийн интернетийг “блок”-лосон. Эндээс хичнээн хувьсгалчдыг барьсныг бид мэдэх боломжгүй. Харин явцын дунд нэг сумаар хоёр туулай буудах аргаа олж лалын хувьсгалтай ямар ч хамаагүй, тэрс үзэлтэн гэгдсэн иргэдийг баривчлан хэрэг тулгаж эхэлсэн юм. Барууныхан бараг л “Энхийн цагаан тагтаа” мэтээр бичээд байгаа зураач Ай Вейвэй, Өвөрмонголын Ардчилсан намын лидерүүдийн нэг, зохиолч эмэгтэй Г.Хуучинхүү, 1989 онд Тиан  ань мений талбайд болсон ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан Хятадын тэрс үзэлтэн Үэр Кайши, Өвөрмонголын Ардчилсан намын удирдагчдын нэг  Хадаа гээд энэ жагсаалт цааш үргэлжилнэ. Зөвхөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд л 30 гаруй тэрс үзэлтэнг барьжээ. Эдгээрээс Ай Вэйвэй, Хадаа нар одоо болтол сураггүй байгаа. Ай Вейвей Хонгконг явах гэж байгаад баригдан сураггүй болсон бол Хадаа суллагдаад сураггүй болсон. Амийг нь хөнөөсөн ч байж магадгүй гэсэн таамаглал байна. Ху Жинтао тэргүүтэй эрх баригчид ийнхүү зөвхөн Шинжаан Уйгур гэлтгүй Өвөрмонгол, Хонгконг зэрэг эрсдэлтэй мужуудад анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа. өөрөөр хэлбэл, дээр дурдсан “өвчтөй шүднүүдээ” сугалснаар бас л нэг сумаар хоёр туулай буудсан хэрэг. Хямрал, хувьсгал гээд янз бүрээр нэрлэж байгаа энэ байдал зарим нэг улс орны удирдагчийн хувьд  “цэвэрлэгээ” хийх далим болж байгаагийн жишээ энэ юм.

Энэхүү аргыг Монголд ч хэрэгжүүлж тун болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Хямрал, хувьсгал гэх нэрийн дор удирдагчдын "их цэвэрлэгээ" хийгдэх бололцоо гарч ирдэг нь түүхэн үнэн билээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.35.91.181) 2025 оны 03 сарын 13

Ih hural tarah heregtei erh barihch nam ardchilsan nam 2iig ahij hezeech songoj bolohgui novchiin hulgaich deeremchid teden dund tseverhen hun 1ch bhgui

1  |  0
Багш(202.21.106.153) 2025 оны 03 сарын 13

За зүгээр байгаарай хурцболд гуай угаасаа тэр авилгачид энэ насандаа үйлээ эдлэнэ тэгэхээт санаа зоволтгүй. Чи 1 амьтны тухай нийтлэл биччихдээ чаддаг юм бол

1  |  0
Top