Дэд сайд Ж.Сауле орон нутагт 111 хоног ажиллаж, 65746 км зам туулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Манай орон байгалийн эрс тэрс уур амьсгалтай. Зундаа гантай, өвөл, хавартаа зудтай байх нь элбэг. Энэ бүхэнд хамгийн их сүйдэж, хохирдог эрсдэл тулгардаг салбар бол мал аж ахуйн салбар юм. Малчдын ахуй байдал, өвөлжилт, хаваржилтын хүнд нөхцөлтэй газар дээр нь биечлэн танилцах, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх санал, хүсэлтийг Засгийн газарт уламжлах гээд ХХААХҮЯ-ныхны өмнө олон асуудал тулгардаг.

Албан томилолт, Ерөнхий сайд, Шадар сайд, Улаанзагалмай нийгэмлэг олон улсын байгууллагын тусламжийг малчдад хүргэх зэрэгт  Дэд сайд Ж.Сауле явж байгаа харагддаг. Засгийн газрын гишүүд, Дэд сайд нараас хамгийн хамгийныг тодруулбал хөдөө, орон нутагт хамгийн олон өдөр ажилласан дэд  сайдаар Ж.Сауле хол тасархай тодрох бололтой. Яамаа төлөөлж орон нутагт ажиллах нь элбэг.  2017 онд ХХААХҮ-ийн Дэд сайд  94 хоногийг орон нутагт малчны хотонд өнгөрөөж, 53325 км зам туулсан байна.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс  2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хөдөө  111 хоног ажиллаж, 65746 км зам туулжээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад өвөл, хавар айхавтар хүндэрсэн үе таарсан. Орон нутагт Шадар сайдыг ажиллах үед ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле мөр зэрэгцэн  замын урт, цагийн бэрхийг үл ажран малчидтай уулзаж, санал, хүсэлтийг нь сонсч, тусламж хүргэж явсан. Энэ өвөл ч ялгаагүй. Шадар сайд Ө.Энхтүвшин орон нутагт ажиллахад мөн л дэд сайд Ж.Сауле хамт ажиллаж байсан юм. Тэрбээр, зөвхөн хөдөө орон нутагт ажиллаад зогсохгүй хөдөө, мал аж ахуйн салбартаа жинхэнэ мэргэшсэн олон жил Дэд сайдын албыг хашсан туршлагатай гэдгээрээ Өлгийчүүддээ төдийгүй малчин түмэндээ танигдсан нэгэн. Засгийн газар, Яамдад Дэд сайд хэрэггүй гэсэн олны шүүмжлэлийг Ж.Сауле шиг салбараа, ажлаа мэддэг Дэд сайд нар зөөллөөд зогсохгүй, зөвтгөлийг ч авчирч болох юм.

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Top