Дотоодын болон импортын органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэнэ

2018 оны 04 сарын 02

“Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам” төслийн гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр (2018.04.02) ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид, олон нийт оролцож, өөрсдийн саналаа журмын төсөлд тусгаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хүнс үйлдвэрлэгчид байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай органик хүнсийг зах зээлд санал болж байна. Үүнийгээ дагаад "органик", "байгалийн цэвэр бүтээгдэхүүн" гэсэн хуурамч хаяг шошготой, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаанд гарч байна. Тиймээс "Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам" батлагдсанаар энэ бүхэн цэгцэрч, органик хүнсний нэгдсэн сантай болох юм. Мөн хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгод байрлах бүртгэлийн дугаар, QR кодоор дамжуулж, хаана, хэзээ, ямар компани үйлдвэрлэсэн болохыг хялбар таньж, сонголтоо хийхэд амар болно. ХХААХҮЯ-ны зүгээс хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, хэрэглэгчдэд органик хүнсний талаар мэдлэг, мэдээлэл түгээхийг зорьж байна. 

 

Органик хүнс гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг хэлдэг. Хүнсний тухай хуульд "Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасан. Энэ дагуу дотоодын үйлдвэрийн болон импортын органик хүнсийг бүртгэх, бүртгэлээс хасах, нийтийн хэрэгцээнд гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахаар “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийг боловсруулж, ийнхүү олон нийтээс санал авч байгаа юм.

Журмын төсөлд зааснаар бол, дотоодын үйлдвэрийн органик хүнсийг бүртгүүлэхдээ эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас тухайн органик хүнсэнд олгосон тохирлын, баталгаажуулалтын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн танилцуулга, органик хүнсний орц, найрлагад орсон түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний дүн зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлэх юм. Харин импортын органик хүнсний бүтээгдэхүүний тухайд, Монгол Улсын эсвэл экспортлогч улсын итгэмлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаас олгосон бүртгэлийн дугаар, сав баглаа боодлын шошгоны мэдээллийн монгол хэл дээрх орчуулга зэргийг шаардаж байна. Эдгээр баримт бичиг, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагын шийдвэрийг үндэслэн ХХААХҮЯ нь органик хүнсийг цахим болон цаасан хэлбэрээр бүртгэнэ.  

 

Органик хүнсний мэдээллийн санд бүртгүүлэх органик хүнсний чанар, аюулгүй байдал, бичиг баримтын бүрдлийн үнэн эсэхийг хүсэлт гаргасан баталгаажуулалтын байгууллага, үйлдвэрлэл эрхлэгч бүрэн хариуцах юм. Бүртгэлд бүртгүүлэх органик хүнсний сав, баглаа боодлын шошго нь Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648-2016 стандартын шаардлагыг хангасан байх ёстой гэж журмын төсөлд тусгажээ.

“Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top