Замын цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 286 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 14 хүн гэмтэж бэртсэний найм нь бага насны хүүхэд тэр дундаа тав нь автомашинд зорчиж байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нар автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй өөрөөр хэлбэл хамгаалалтын зориулалтын суудал, хамгаалах бүс огт хэрэглэдэггүй, үл хайхардагтай шууд холбоотой юм. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн мэдээлэл ирсэн.
Тухайлбал: СХД-ийн нутаг Толгойтын замд H.CR-V маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч гурван хүн /2 нь бага насны хүүхэд/ гэмтсэн.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрвөн осол, мөргөлдөх хэлбэрээр 21 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол, онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 3 осол гарсан бөгөөд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослыг Замын цагдаагийн алба шалгаж байна.
Мөн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг ирүүлж хариуцлага тооцсон байна.
Алба хаагчид замын хөдөлгөөн зохицуулах, хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал: Амралтын өдрүүдэд T.Pruis-30 маркийн автомашиныг иргэн Б нь хулгайлсан байсныг, иргэн Б нь автомашины хос толь хулгайлан зарж борлуулж байсныг, мөн иргэн Б-н гар утсыг М нь хулгайлж байсан үйлдлүүдийг шуурхай илрүүлж харьяа газар, хэлтэст шилжүүлэн шалгуулж байна.
Бүртгэгдсэн осол, хэргээс дурдвал:
Булган аймгийн Рашаант сумын нутаг “Алтан зам” цайны газрын урд замд H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 41 настай П-н амь нас хохирч, 4 хүн /1 хүүхэд/ гэмтсэн хэрэг гарч одоогоор аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгаж байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )