Геодези, Усны барилга байгууламжийн газрын Ерөнхий инженер С.Батсайхантай авто замын ус зайлуулах хоолойны засвар, шинэчлэлт болон шар усны үерээс хэрхэн сэргийлж байгаа тухай ярилцлаа.
- Жил бүр хаврын шар усны үер болдог энэ жил Нийслэлийн хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?
- Геодези, Усны барилга байгууламжийн газар ын Шуурхай удирдлагын төвд энэ жилийн 3-р сард шар усны үертэй холбоотой 19-н дуудлага ирсэн. Үүнээс авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээгүй авто замууд шар усны үерт автаж, эвдэрсний улмаас хаагдах хүртэл нөхцөл байдал үүссэн. Жишээлбэл, БЗД-ийн 21, 27-р хорооны зааг Ганц худгийн авто зам, СБД-ийн 20-р хороо Бэлх Сэлхийн авто зам, СХД-ийн 1, 22-р хороо Орбит Тахилтын уулзвараас Буман-Өлзий хороолол хүртэлх Найрамдал чиглэлийн авто замуудад нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч олон нийтийг бухимдуулж, чирэгдэл учруулсан.
- Юунаас болж ийм нөхцөл байдал үүссэн бэ?
- Орон сууцны хороолол доторх болон зуслан чиглэлийн алслагдсан замуудад ус зайлуулах шугам сүлжээг дутуу төлөвлөх, мөн авто зам барихдаа төсөв хүрэхгүй нэрийдлээр төлөвлөлгүй үлдээх, мэргэжлийн бус байгууллага зураг төслийг гүйцэтгэж буруу шийдэл гарган, угсралтын ажлыг хийх байдал гарсаар байна. Авто замыг төлөвлөж барихдаа тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар авто замын ус зайлуулах шугам сүлжээний зураг төслийг боловсруулуулан, мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, гүйцэтгэлийн шатанд ус зайлуулах асуудлыг цогцоор нь заавал шийдвэрлэсэн байх ёстой.
- Нийслэл болон танай байгууллагын зүгээс авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн захиалгаар Монхидро констракшн ХХК 2006 онд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн байдалтай уялдуулан Инженерийн бэлтгэл арга хэмжээний ерөнхий схемийг боловсруулсан. 2012-2017 оны хооронд 70 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг шинээр болон засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдсэн. Манай байгууллага 2017 онд ус ихээр тогтдог 11-н байршилд ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг хийж мөн Нийслэлийн зургаан дүүрэгт засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг жил бүр хийж гүйцэтгэж байна.
- Улаанбаатар хотод хэдэн километр урт авто замын ус зайлуулах шугам сүлжээ байдаг вэ?
- Нийслэлийн 6-н дүүргийн хэмжээнд 167,5 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ байдаг. Геодези, Усны барилга байгууламжийн газар нь авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна
- Нийслэлд 2018 онд борооны ус зайлуулах чиглэлээр ажил хийгдэх хийгдэх үү?
- ГУББГ-аас энэ онд Усны гудамж, Токиогийн гудамж И-мартын уулзвар, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Энхтайваны гүүрний зүүн урд талын нүхэн гарц, Ганц худгийн авто зам гэх мэт өнгөрсөн жил усанд автаж, иргэдийг бухимдуулдаг авто замуудад ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
- Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ашиглалтын явцад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
- Улаанбаатар хотын төвийн хэсгийн 1970-1980 оны үеийн хүчин чадлаар тооцож баригдсан борооны ус зайлуулах далд шугам хоолойн голч бага бөгөөд барилгажилт нэмэгдэхийн хэрээр ус шингээх шороон гадаргуу багасаж бетонон зам талбай нэмэгдэж, ачааллаа даахгүй болж, хуучирч элэгдэн улмаар ус нэвтрүүлэх чадвараа алдаж байна. Мөн авто замын суулт, хотгор гүдгэр, налуугаас шалтгаалж ус хүлээж авах шүүрт худаг байдаг ч хажууханд нь замын хонхорт, явган хүний гарцан дээр ус тогтож иргэдэд бухимдал учруулдаг. Тэр болгонд ус хүлээж авах шүүрт худаг хийх боломжгүй. Харин ус зайлуулах шугам сүлжээг анхнаас нь авто замын гадаргуутай уялдуулж маш сайн хийцлэх шаардлагатай.
- Цаашид ямар арга хэмжээ авч ажиллавал дээрх бэрхшээлүүд шийдэгдэх вэ?
- Мөн өнөөгийн тулгараад буй асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд Нэгдүгээрт. “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ыг нийтээр дагаж мөрдөх ёстой. Хоёрдугаарт. Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 59/2015 тоот даалгаврын дагуу СБД, ЧД, БЗД, ХУД-ийн зам талбайн борооны ус зайлуулах нийт 26,9км урт “Төвийн бүс болон зүүн бүсийн авто замын борооны ус зайлуулах төв магисраль шугамын зураг төсөл” боловсруулагдсан бөгөөд цаашид хийж гүйцэтгэх нэн шаардлагатай гэж үзэж байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Стандартын зам баригдахгүй байгаа юм чинь ингэнэ дээ.