Нийгмийг цочроосон аймшигт хэргүүд сүүлийн үед гарах болоод байгаа. Ялангуяа хүүхэдтэй холбоотой санаанд оромгүй хүчирхийллийн хэрэг гарч хүмүүсийн сэтгэлийг сэрдхийлгээд байгаа юм. Тэгвэл хүүхэд хүчирхийллийн эсрэг иргэд нэгдэн энэ сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал”-ыг зохион байгуулахаар болсон. Тус жагсаалыг анх зургаан ээж хамтран санаачилсан байна. Тэдгээр ээжүүдийн төлөөлөл болсон О.Анхмаатай ярилцлаа.
- “Хүүхэд хүчирхийллийн эсрэг жагсаал”-ыг анх зургаан ээж санаачилсан гэсэн. Тан нар бие биенийгээ өмнө нь таньдаг байсан уу?
- Одоогоос найм хоногийн өмнө “Mom” гээд групп дээр бие биенийгээ танихгүй зургаан ээж нэгдсэн. Тус групп дээр нэгнийхээ оруулсан постонд лаяк дарж, коммэнт үлдээх төдийхнөөр нэгнийгээ мэддэг байсан. Харин дараа нь нийгмийг цочроосон олон хэргүүд гарч эхэлснээр бид зургаа санаа нэгдэн чат үүсгэж, дараагаар “Хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдье” гэсэн групп нээсэн. Одоо энэхүү групп маань 410 мянган хүнтэй болсон. Зарим хүмүүс хуучин ажиллаж байсан, лаяктай группийг худалдаж авч нэрийг нь сольсон гэж байгаа. Гэвч тийм биш анхнаасаа бидний нээсэн групп юм. Мөн ямар нэгэн байгууллага, төрийн бус байгууллагын санаачлагаар энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа юм биш. Санаа нийлсэн зургаан ээжийн анх нэгдсэн групп. Анхандаа бид цөөхөн хэдэн ээжүүдээрээ нэгдэж жагсаал хийх гэж байсан юм. Гэвч сүүлийн үед гарч буй нийгмийг цочроосон хэргүүдээс болж хүүхэд хүчирхийллийн асуудал нь зөвхөн ээж нарын асуудал биш аав, ирээдүйд аав болох, ээж болох хүмүүст бүгдэд хамааралтай учир нийтийг хамарсан. Энэхүү жагсаалыг зөвхөн би санаачлаагүй. Анх зургаан ээж энэ тал дээр санал нэгдэж энэхүү жагсаал зохион байгуулах санааг гаргасан.
- Та өөрийгөө болон бусад ээж нарынхаа тухай мэдээлэл өгч болох уу?
- Би нэг охинтой, эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ маркетингийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Ихэнхдээ нийгэмд хандсан үйл ажиллагаанд оролцдог. Бид зургаан ээжийн дунд өмнө нь жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүн байхгүй. Бүгд л ээж хүнийхээ хувьд үр хүүхдийнхээ ирээдүйг гэгээлэг байлгаж, арай илүү тайван орчинд амьдраасай гэж хүссэндээ энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн. Бидний дунд маркетинг, сэтгүүлч, хуульч, аудит гэх мэт мэргэжилтэй хүмүүс байгаа. Бид яг адилхан санаа зорилгоор хөдөлмөрлөж байна. Сүүлийн хэд хоног бол үр хүүхдээ орхиод жагсаал зохион байгуулах ажлаа хийж байгаа. Бидний дунд нялх хүүхэдтэй хүн ч бий.
- Жагсаал зохион байгуулахад нөлөөлсөн гол шалтгаан нь юу байв?
- Өнгөрөгч оны долдугаар сард батлагдаад хэрэгжиж эхэлсэн хүчирхийллийн эсрэг хууль нь ээжүүдийн сэтгэлд огт нийцээгүй. Тус хуулийн хоёр заалт арай дэндүү онцгүй санагдсан. Хүүхэд хүчирхийлсэн этгээд зөвхөн мөнгөн торгууль төлөөд ял шийтгэл авахгүй байж болох тухай заасан. Энэ юу гэсэн үг вэ. Хүчирхийлүүлсэн хүүхэд маань бие болоод сэтгэл санааны гүн хямралд орсон байгаа. Тухайн хүүхдийн хохирлыг хэзээ ч нөхөж чадахгүй. Тиймээс мөнгөн торгуулийг огт байлгалгүй ялладаг байх хэрэгтэй. Яллах яллахдаа ялын дээд хэмжээг өгөөсэй гэж хүсч байна. Хорих ял ч гэсэн хангалттай биш. 20 настай залуу хүүхэд хүчирхийллээ гэхэд 20 юм уу 10 жил яллагдаад шоронгоос гарна. Харин хохирсон хүүхдийн сэтгэлийн шарх 10, 20 жилийн дараа эдгэрч чадах уу. Хүчирхийлэгч шоронгоос гарч ирэхдээ ямар хүн гарч ирэх вэ. Сэтгэл санаанд нь өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй. Ихэвчлэн сэтгэл санааны өөрчлөлттэй хүмүүс хүчирхийлэл үйлддэг. Тиймээс хуулиа чангалж өгөөч ээ гэж хүсч байна. Чангатгах чангатгахдаа хүүхэд хүчирхийлэгчид ялын дээд хэмжээг өгөөсэй гэж хүсч байна. Мөн хуулинд 14-16 насны хүүхэд бэлгийн харилцаанд ороход, хоёр тал зөвшилцөөд бэлгийн харилцаанд орсон бол болно гэж заасан байсан. Гэтэл 14 нас чинь хүүхэд шүү дээ. Энэхүү хуулинд өөрчлөлт оруулъя гэхээр бас асуудал байгаа. Тухайлбал, хөдөө орон нутагт 16 нас хүрээгүй хүмүүс гэр бүл болсон, бэлгийн харилцаанд орсон тохиолдол олон байдаг. Тэгээд 16 настай аав нар хариуцлага хүлээх болоод байгаа юм. Гэвч нөгөө талдаа 14-16 насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд орсон байхад дараа нь тохиролцооных байсан гээд өнгөрөөх магадлалтай. Тиймээс энэ заалтыг эргээд хараач гэж эрх мэдэлтнүүдээс хүсмээр байна.
- Хуулинд өөрчлөлт оруулахад мэргэжлийн хүмүүсийн тусламж хэрэгтэй. Та бүхэн мэргэжлийн хүмүүстэй хамтарч байгаа юу?
- Бид 3-4 хүнтэй хуулийн баг гаргасан. Зөвхөн ээжүүд бид хуулиндаа ийм заалт оруулаач ээ гэж хүсэлт тавьж болохгүй. Хуулийн мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Хуульч нарын баг дээрээ ахин хүн нэмж 7-8 хүнтэй баг бүрдүүлж хуулийн заалт дээр ажиллана. ЦЕГ-ын хүүхдийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх төвийн баг бүрэлдэхүүн биднийг дэмжиж ажиллана гэсэн. Өдөр болгон уулзалт хийж байгаа. Мөн Засгийн газрын хэрэг хэрэгжүүлэх агентлагийн “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” бидний үйл ажиллагааг 100 хувь дэмжинэ гэсэн. Маш олон хувийн болон төрийн байгууллага, клуб, хувь хүмүүс биднийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна. Мөн олны танил хүмүүс дэмжинэ гэж холбогдож байгаа. Тэдгээр хүмүүс ээж, аавынхаа үүднээс, иргэн хүний хувиар жагсаалд оролцоно гэсэн. Тухайлбал, хошин урлаг, драмын театр, дуучид, рок попын хүмүүс гэх мэт. Рок попын залуу үеийнхэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу гаргасан. Тус дуу нь тун удахгүй цацагдах байх.
- Жагсаал хийх хүсэлтийг тань хүлээн авсан уу. Жагсаалын үед шаардлага тавих хэчнээн хүмүүс ажиллах бол?
- Бид жагсаал хийх хүсэлтээ Нийслэлийн захирагчийн албанд иргэнийхээ хувьд тавьсан. Бид захирагчийн албанд мэдэгдлээ өгөөд сая гэрээгээ хийгээд ирлээ. Цагдаагийн болон хуулийн байгууллагаас бидэнд хангалттай хүч өгөх байх. Бид албан ёсоор хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болсон. Мөн Замын цагдаагийн ерөнхий газар, Улсын дотоод хяналтын баг, иргэд хувь байгууллага тусална. Нийт 100-аад хүн хяналтын багт ажиллах байх. Маш олон хүн төвлөрсөн газар нэг хүн л буруу үг хэлж, буруу лоозон барихад юу болох вэ. Тиймээс бидний ганц баримталж байгаа зарчим бол тайван жагсаал. Үр хүүхдийнхээ төлөө хийж буй жагсаал учир ямар нэгэн хүчирхийллийн зүйл байх ёсгүй. Энд зөвхөн гэгээлэг зүйл байх хэрэгтэй. Өнөөдөр болж буй хар бараан зүйл, хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа хүмүүс нь өөрсдөө хүчирхийлэгч байж болохгүй. Магадгүй хүмүүс хүүхэдтэйгээ ирэхийг үгүйсгэхгүй.
Гуравдугаар сарын 30, 31 гэсэн хоёр өдөр архи битгий зараач ээ гэсэн хүсэлт гаргасан
- Яагаад заавал гуравдугаар сарын 31-ний өдрийг сонгож жагсах болов?
- Энэ сарын 31-ний өдөр амралтын өдөр таарч байгаа. Мөн бид хурдхан шиг хүүхэд хүчирхийллийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахыг хүссэн. Хэрэв бид цаг алдсаар байвал нийгэм нэг хэсэг гарсан хэргүүдийн тухай сенсацилж байгаад л мартана. Бид эдгээр хэргүүдийг мартах ёсгүй. Бид гуравдугаар сарын 30, 31 гэсэн хоёр өдөр архи битгий зараач ээ гэсэн хүсэлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад тавьсан. Учир нь гуравдугаар сарын 30-ны өдөр тавь дахь буюу баасан гариг таарч байгаа юм. Энэ өдөр хүмүүс архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг. Маргааш нь жагсаалын өдөр нь ямар нэгэн байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс архи зарахгүй байх хүсэлтийг тавьсан. Хариугаа удахгүй авах байх. Хэрэв бидний хүсэлтийг зөвшөөрвөл нийслэл хот маань гурав хоног эрүүл аюулгүй байх юм. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нь архи зардаггүй шүү дээ.
- Та нарыг ямар нэгэн намтай холбоотой байх вий гэсэн хардлага байгаа. Ер нь намууд хамтаръя гэсэн хүсэлт тавьж байна уу?
- Бидний хамгийн гол баримталж байгаа зүйл нь улс төр болоод намын оролцоогүй байх явдал юм. Бид нарын ард ямар нэгэн улс төр, намын байгууллага байхгүй. Маш олон байгууллагууд бидэнтэй хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Бид ямарч байгууллагатай хамтран ажиллахгүй. Зөвхөн дэмжин ажиллагч байгууллагаар хүлээн авч байгаа. Учир нь энэхүү жагсаал маш олон хүний хүрээг хамарч байгаа юм. Хэрэв ямар нэгэн улс төрийн шинж ажиглагдвал байдал хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй. Бид зургаан ээжийн дунд ямар нэгэн намтай холбоотой хүн огт байхгүй. Биднийг ямар нэгэн намтай холбоотой гэж байгаа хүмүүсийг болиосой гэж хүсч байна. Бидэнд хамтран ажиллах хүсэлт намуудаас ирээгүй. Гэхдээ намуудын доорх ТББ-уудаас санал маш их ирсэн. Өдөр болгон л бидний утас байнгын дуугарч, янз янзын хүмүүс холбогдож байгаа. Бид зөвхөн та энэ сарын 31-нд ээж, аав, ах, эгч, эмээ өвөөгийнхөө үүднээс хүчирхийллийн эсрэг жагсаалд оролцохыг уриалж байгаа. Хэрэв тухайн жагсаалын өдөр ямар нэгэн улс төрийн өнгө аястай лого, уриа лоозон барьж ирвэл туг лого, лоозонг албан шаардлагаар хурааж авах болно. Тиймээс ямар ч лого, туг, далбааг зөвшөөрөхгүй. Бид өөрсдөө 100-аад уриа үгийг бэлдсэн байгаа. Иргэд маань түүнээс хэвлээд барьж болно. Хүмүүс зааж өгөөгүй уриа, лоозонг бариад ирвэл энэхүү жагсаал маань буруу сэдэвтэй болно. Хэрэв 100 үгнээс гажууд, нийгэм, улс төрийн эсрэг турхирсан өдөөн хатгасан лоозон, уриа байвал шууд хурааж авна гэдгээ дахин мэдэгдье.
- Мэдээжийн хэрэг жагсаал зохион байгуулахад их бага хэмжээний төсөв хөрөнгө хэрэг болох байх. Та бүхэн энэ асуудлыг хэрхэн шийдэж байна?
- Бидэн лүү маш олон хүмүүс залгаж санхүүгээ яаж зохицуулж байгаа юм бэ гэж асууж байгаа. Та нар баян хүмүүс үү эсвэл хандив цуглуулсан уу, ард чинь ямар нэгэн эрх мэдэлтэн байна уу гэж асуух хүмүүс маш олон байна. Бид аль нэгэн газраас ямар ч санхүүжилт аваагүй гэдгээ дахин хэлье. Өчигдөр хүртэл хүмүүс бид нартай уулзаад та нарын ард хэн байгаа юм бэ гэсэн. Бидний ард зөвхөн бидний гэр бүл л байгаа. Бид байгууллага, хувь хүнээс мөнгө аваагүй. Мөнгө авсан зүйл байхгүй. Цаашид авахгүй гэдгээ ч хэлмээр байна. Жагсаал зохион байгуулахад бидэнд тусалъя гээд жижиг, том олон байгууллага байгаа. Хэрэв бид эдгээр газраас ямар нэгэн байдлаар мөнгө авбал бидний жагсаалын утга учир алдагдана. Тиймээс бид бидэнд тусалъя гэсэн байгууллагуудыг хооронд нь холбож өгсөн. Бидэнд ямар ч санхүү байхгүй гэдгээ хэлж тусламж хүссэн. Энгийн жижиг хэвлэлийн газар ажиллуулдаг хүн хүртэл бидэнд тусалж “та нарын постероос цөөн тоогоор хэвлэж өгье” гэсэн саналыг тавьсан. Энэ саналыг нь бид хүлээж авч байгаа. Мөн шторк, эхийг чинь бэлдээд өгье гэсэн сайн дурын студи байна. Талбай дээр болох жагсаалын дараах хог цэвэрлэх асуудлыг бид 6 хариуцаж байгаа. Гэтэл жагсаалын дараах хогийг чинь цэвэрлэж өгч тусалъя гэсэн байгууллага хүртэл байна. Энэ мэт байдлаар бид тусламж авч байгаа. Бид өөрсдөө 5, 10 мянган төгрөг гаргаж ажлаа хөөцөлдөж байна. Бидний айж байгаа зүйл гэвэл яг манай групптэй адилхан групп олон нээгдчихсэн байгаа явдал. Тэдгээр групп дээр гэнэт дансны дугаар бичээд мөнгө цуглуулчих вий дээ гэж бодож байна. Мөн групп дээр админ гээд бидний нэр ил байгаа. Хэн нэгний минь нэрийг ашиглаад мөнгө хураах явдал гарах вий гэж айж байна. Тиймээс албан ёсоор бид данс нээгээд хандив, тусламж гуйхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна.
Хүчирхийллийг ихэвчлэн ойр орчмынх нь хүмүүс үйлддэг
- Жагсаал хийнэ гэдгээ зарласнаас хойш та бүхэн маш олон ТББ болон улсын байгууллагуудтай уулзаж мэдээлэл солилцсон байх. Хүчирхийллийн ноцтой хэргүүдийн тухай сонссон байх. Энэ тухайд ?
- Бид нэг юмуу хоёр хүүхдийн төлөө жагсаагүй. Бүх бяцхан үрсийнхээ төлөө жагсаж байна. Бид маш олон төрийн байгууллагатай уулзаж мэдээлэл солилцож байгаа. Бид “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” дээр очоод ирлээ. 108 дуудлагын төв шинэчлэгдэж, хүүхдэд чиглэсэн үйлчилгээг илүү сайн үзүүлэхийг зорьж байгаа нь харагдсан. Хүүхдийг түр асрах, байршуулах өрөөтэй, дуудлагын машинтай болсон байна лээ. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 утасны тухай мэдээлэл нийгэмд тархах тусам хүүхдийн хүчирхийллийн тухай дуудлага улам ихэсч байгаа гэсэн. Бидний мэдэхгүй хүчирхийллийн жишээ маш олон байдаг юм билээ. Энэ тухай бид олон ТББ-уудтай уулзаж явахдаа мэдлээ. Үнэн бодит статистик мэдээллийг сонсож, болж буй хэргүүдийн тухай сонсоход өөрийн эрхгүй хоёр нүдний нулимс урссан. Болсон хэрэг бүрийг зарлаад байдаггүй. Ихэнх гарсан хэргүүд нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй. Эцэг, эх хүүхдээ би чамайг юугаар ч дутаагаагүй гэж загнадаг. Гэтэл хүүхэд юугаар ч дутаагүй хэрнээ ямар нэгэн далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөж байх магадлалтай. Бидний мэдэхгүй хүүхдийн хүчирхийллийн маш олон хэргүүд байдаг нь үнэхээр эмзэглэмээр санагдсан. ТББ-уудын ажилтнуудын хэлж буйгаар дийлэнх үйлдэгдэж буй хүүхэд хүчирхийлсэн хэрэг нь хөдөө орон нутагт болдог гэсэн. Хүчирхийллийн 70-80 хувийг ойр орчмынх нь таньдаг хүмүүс, хамаатан нь үйлддэг гэсэн. Тиймээс эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн адилхан ээж хүний хувьд хэлэхэд ээжүүд хүүхдүүдтэйгээ хамгийн ойр байх хэрэгтэй санагдсан. Хүүхдэдээ зав гаргаж харилцан ярилцаж байх хэрэгтэй юм билээ. Мөн гэртээ архи ууж, сайн танихгүй хүн гэртээ авч ирэх нь хүүхдэдээ нөлөө үзүүлж, хүчирхийлж байгаа нэгэн хэлбэр юм.
- Ганц удаа жагсаад л нийгэмд болж буй аймшигт хэргүүд алга болохгүй. Та бүхэн цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?
- Бид одоо иргэдийнхээ хувьд жагсаж байгаа. Бид зургаан ээж иргэдийнхээ төлөөлөл нь болж байгаа юм. Харин энэхүү үйл ажиллагааны дараа яахаа арай шийдэж амжаагүй байна. Анх жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэнээс хойш завгүй болсон. Олон хүмүүс бидэн лүү залгаж байна. Өдөр болгон жагсаалаа аль болох зөв, хүүхдийн төлөө зохион байгуулахын тулд олон байгууллагатай уулзалт хийж байгаа. Энэ найман хоногт завгүй байсан учир дараа нь яахаа арай шийдэж амжсангүй. Гэхдээ бидний дундаас цаашдаа хүүхдийн төлөө зорилго нэгдсэн хүмүүс нь ТББ байгуулаад цааш хүүхдийн төлөө ажиллах байх.
- Нийслэл хотод хүчирхийллийн эсрэг жагсаал 31-нд болно. Харин хөдөө орон нутагт хүчирхийллийн эсрэг жагсаал болох болов уу?
- Хүчирхийллийн эсрэг жагсаалыг дэмжиж 21 аймгаас 14 аймаг нь бидэнтэй холбогдоод байгаа. Аймгууд энэ сарын 31-ний өдөр орон нутагтаа нэг цагт жагсаалаа хийнэ гэж бидэнд хэлсэн. Тиймээс бид чиглэл өгч захиргаанаасаа зөвшөөрөл авч, хүчирхийллийн эсрэг төв болон цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажиллахыг сануулж байгаа. Бидний удирдамжийн дагуу жагсаалын үеэр нам улс төрийн ямар шинжийг агуулж болохгүй гэдгийг анхааруулж байна. Мөн гадаадад байгаа Монголчууд маань ч гэсэн хүчирхийллийн эсрэг нэгдэн жагсаж байгаа гэдгийг энэ ташрамд дуулгая. Тухайлбал, Америк, Солонгос, Франц зэрэг улсуудад хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг Монголчууд маань зохион байгуулсан байсан. Жагсаалынхаа зураг бичлэгийг бидэн лүү илгээсэн. Ийнхүү Монголчууд маань сэтгэл зүрхээрээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаад баяртай байна.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг Францад байгаа монголчууд жагсаж байна.

Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Луйвар хийгээд хүн хулхидаад л явдаг ш дээ. Энэ хүнд итгэхэд хэцүү л юм байна. Хэн нэгэн хүний мөнгөнд уначихсан ч яваа юм билүү. Ер нь бол хүн нэрээ, тогос өдөө гэдэг. яаж ч сайнаар харах гээд хэцүү л юм байна.
Цаазаар авах ялыг сэргээх хэрэгтэй. Хүн алсан хүчирхийлсэн хүнд хүний эрх ярих тухай ойлголт байж болохгүй. Бузарыг бузараар л арилгадаг юм шүү.