Эцэг, эхийн хариуцлагагүй байдлын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 289 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Ослын улмаас нийслэлд гурван хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бөгөөд эцэг, эхийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирч, дөрвөн хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг “361” гармын замд N.Teana маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 59 настай Ч болон 5 настай Н, 4 настай М нарын гурван хүний амь нас харамсалтай байдлаар хохирсон ноцтой хэрэг бүртгэгджээ.

Хичээл сургууль амарч эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарах, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл тухайлбал, хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюулгүйн хэрэгсэл  хэрэглэлгүй тээвэрлэдэг нь хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирох гол шалтгаан болж байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 16 осол тус тус бүртгэгдсэнээс  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас долоон осол гарсан бөгөөд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослыг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Бага насны хүүхдүүд намхан учраас машинд сууж, бууж байгаа нь жолоочид харагддаггүй, хөдөлгөөний үеэр жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл хийдэг, өөрийн үйлдлийн үр дагаврын талаар мэддэггүй
учраас тэднийг машины арын суудалд нас, биеийн жинд нь тохирсон хамгаалалтын суудалд суулган тээвэрлэх нь гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.

Манай улсын хувьд бага насны хүүхдээ урд суудалд, өвөр дээрээ авч явах явдал түгээмэл байдаг нь маш буруу үйлдэл бөгөөд энэ нь хүүхдэдээ зориуд эрсдэл бүрдүүлж байгаа үйлдэл болдог байна.
Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулга. Хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглэснээр хайртай хүү, охиноо осол, гэмтлээс хамгаалж чадна.

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахгүй байх, урд суудалд, өвөр дээрээ авч явах, хамгаалалтын суудал, хэрэгсэл хэрэглэлгүй тээвэрлэх нь хүүдийн ҮЛ ХАЙХРАХ хүчирхийллийн нэг хэлбэр юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top