Н.Баатаржавт “Хүндэт профессор” цол олголоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 22

Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржавт Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө.

Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржавт Их сургуулийн “Хүндэт профессор”-ын диплом, ёслолын өмсгөл,  хүндэтгэлийн зүүлт, таних тэмдгийг Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр гардуулав.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор, гавьяат зүтгэлтэн, академич  С.Нарангэрэл, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа С.Бадарчи, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр болон цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржавын гэргий, үр хүүхдүүд, шавь нарынх нь төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Хүндэт профессор” цолоор шагнуулсан доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржавт баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр “ХСИС өөрийн хүндэт шагнал болох “Хүндэт профессор” цол, өргөмжлөлөө Их сургуулийг хөгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан, багш нарыг эрдэмжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдах ажилтан, эрдэмтэн судлаач, багш нартаа олгодог уламжлалтай. Өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний эзэн, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржав багш маань “ХСИС-ийн Хүндэт профессор” хэмээх энэ сайхан хүндэтгэлийг хүлээн авах гавьяатай, хийсэн ажил үйлстэй, бүтээсэн бүтээл туурвилтай эрхэм хүмүүсийн нэг билээ. Түүний хувьд сайн удирдах ажилтан, сайн багш, сурган хүмүүжүүлэгчийн зэрэгцээ Монгол Улсад Эрүүгийн эрх зүй, криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан, олон арван ном, сурах бичиг эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн, арав гаруй эрдэмтнийг төрүүлэн гаргасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн билээ” хэмээн онцлон тэмдэглэв.

 Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржав нь 1970 оноос эхлэн МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Төр, эрх зүйн ба салбар эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, факультетын орлогч декан, 1982-1988 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, факультетын декан, 1988 оноос тус сургуулийн нэгдүгээр орлогч захирал, 1990-1995 онд Цагдаагийн дээд сургуулийн захирал, 1995-1996 онд Цагдаагийн ерөнхий газрын судалгааны төвийн захирал, 1996-1997 онд Нийслэлийн прокурорын орлогч прокурор, 1997 оноос Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, тус сургуулийн Хууль зүйн сургуулийн эрхлэгч, зөвлөх доктороор тус тус ажилласан бөгөөд их, дээд сургуульд 47 дахь жилдээ сургалт, эрдэм шинжилгээний салбарын удирдах ажил тасралтгүй эрхэлж байна.

Н.Баатаржав нь эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруй, илтгэл 30 гаруй, дангаараа зохиосон 12 бүтээл, хамтын 10 бүтээл, гадаад хэлээр хэвлүүлсэн 6 бүтээл, боловсруулсан хуулийн төсөл, тайлбар, хуулийн практик зөвлөмж 16, орчуулсан ном 6, олон улсын эрх зүйн баримт бичиг 3 байгаагийн дээр Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/, Монгол Улсын Эрүүгийн хууль, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль, Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг боловсруулалцсан нь түүний хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтдийн түвшинд хүрснийг илтгэн харуулж байна. Түүний шавь нарын дотроос академич С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, С.Төмөр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат хуульч Б.Дагвадорж, Ц.Раашзэвэг, М.Могноон нарын эрдэмтэн судлаач, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Омбоо(64.119.22.144) 2025 оны 03 сарын 13

Мундаг шүү та.

1  |  0
Top