Иргэд Зөрчлийн тухай хуулийн зарим заалтыг эргэж харахыг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар  "ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАЯ" сэдэвт хэлэлцүүлэгийг өнөөдөр  Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөллүүд, улсын байцаагч нар мөн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцсон юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд бас нэлээд байна. Тухайлбал,  улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Мөн торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх замаар ажил болгох нь чухал байна гэдгийг онцолсон юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлэхдээ “Хэдийгээр энэ хууль хэрэгжээд эхэлчихсэн ч гэлээ бид баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж, алдаа байвал засч залруулж байх ёстой” хэмээн онцлон дурдлаа.



Хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрийн салбарт өдөр тутам тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар хууль, журамд ямар зохицуулалт хийж болох талаар саналаа дэвшүүллээ.

 

Замын цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Галсанжамц:

"45 хүний суудалтай автобусыг согтуугаар жолоодох, мотоцикль ганцаараа жолоодох хоёрын нийгэмд учруулах уршиг нь өөр өөр. Үүнийг тодорхой ангиллаар шийтгэлийг оногдуулмаар байгаа юм. Замын хөдөлгөөний хуулийг чангатгасаар осол аваар гарах нь багассан.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар осол гаргасан тохиолдолд Даатгалын байгууллага болон Замын цагдаагийн газарт  дуудлага өгч байгаа. Дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаа нэгэнт зөрчил бүртгэсэн болохоор торгох арга хэмжээ заавал авдаг. Энэ нь буруутай хэмээн тогтоогдсон жолоочид эдийн засгийн дарамт үүсгэдэг. Бусад орны жишгийг харахад, хүн бэртээгүй л бол Даатгалын компани болон жолооч нар хоорондоо асуудлаа шийддэг. ЗЦГ-аас энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд саналаа илэрхийлж байсан ч Даатгагчдын холбооноос саналыг дэмжээгүй. Цаашид зам тээврийн ослын улмаас бага хэмжээний буюу 300 мянган төгрөг хүртэлх хохирол учирсан, гуравдагч этгээдэд ямар нэгэн хохирол учраагүй, холбогдогч жолооч нар бичиг баримт бүрэн, согтуурсан, мансуурсан байдалтай бус, даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй бөгөөд хоорондоо харилцан тохирсон тохиолдолд заавал цагдаагийн байгууллагаас тодорхойлолт шаардахгүй байх нөхцөлийг Жолоочийн даатгалын тухай хууль, тогтоомжид тодорхой зааж тусгах шаардлагатай байна" гэлээ.

 Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15.000 орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

 ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Жамбалцэрэн


Өмнөх хуулиар цагдаагийн байгууллага 11 төрлийн хуулиар тогтоосон зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг байсан. Шинээр батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийтдээ 247 зөрчлийг шалгаж шийдвэрлэхээр зохицуулагдсан байгаа.

Жилд дунджаар 1,5 сая орчим хэргийг шалган шийдвэрлэдэг. Хичнээн хэрэг бүртгэл гарав гэдгийг өмнө  нь мэддэггүй байсан бол Зөрчлийн тухай хуулиар нэгдсэн мэдээлэл авах боломжтой болсон. Торгуулийн хувьд шинэ хуульд багагүй өөрчлөлт орсон. Хэсэгчилэн төлөх торгуулийг тодорхой тусгаж өгмөөр байгаа юм. Энэ нь зөрчил гаргасан хүнээс гадна зөрчил гаргасан хүний цаана байгаа ар гэрийхэнд ч зөв зүйтэй байх болов уу. Хуульд торгуулийг бэлэн бусаар төлөх заалт бий. Цагдаагийн байгууллагын хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд торгуулийг бэлэн бусаар оногдуулах журмыг хэрэгжүүлээд явж байгаа.  Зөрчлийн тухай хуулиар хулгайлах гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгийн босго тавьсан. Тухайн хулгайч 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Тус хуулийн 8.6 зүйлд “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна" гэж заасан.  Цагдаагийн байгууллагад ирж байгаа нийт  гомдлын 30 гаруй хувь нь хулгайн гэмт хэрэгтэй холбоотой гомдол ирдэг" гэв. 

Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Татварын улсын ахлах байцаагч Мөнхтуул

"Манай татварын байгууллага хоёр төрлийн зөрчлийн тус хуулиар шийдвэрлэж байна. Татварын байгууллага онцлогтой салбар. Төрийн хяналт шалгалтын хуулиар татварын шалгалтыг хийдэг. Зөрчлийн тухай хуульд хамаарах нь хуучин хуулийн 75-р зүйл буюу ААН байгууллага заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй бол хяналт шалгалтыг газар дээр нь шийтгэлийн хуудсаар хариуцлага ноогдуулдаг байгаа.  Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр манай салбарт нийтдээ 1500 орчим зөрчлийн хэрэг  бүртгэгдсэн" гэлээ. 

Иргэдийн зүгээс Зөрчлийн тухайн хуулийн шийтгэлийн хэлбэрийг төрөлжүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн шинжтэй шийтгэлүүд байгааг онцлон  хэлж байсан юм. Сануулахгүйгээр шууд торгох, баривчлах, эсвэл  эрхийг нь хасдаг энэ хуулийн заалтыг эргэж харахыг хүсэж байв.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zylaa(66.181.161.85) 2025 оны 03 сарын 13

Zurchliin tyhai hyylind ergej harmaar neg zuil bn you geheer huuhde 2 nas hurtel gerte harah gedeg chin bj bolomgui asyydal yamarch mungugui huuhde yaj tejeehiin ter ugj bga 50000 myanga chin haanda CH hurdeggui esul ene hyyli gargasn ta nar huuhdiig min tejeeh hangalttai mungu ug ugui bol hyylia ergej harj bid ugj chadj bval ugdug gazar ni ugud ajilaa hiimeer bn

1  |  0
Top