Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт, уулзалтын бичиг олгохдоо хураамж авч байгаа талаар Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу тодруулахад нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо 500 төгрөгний хураамж авч, хураамжийн орлогыг өөрийн дотоод мөнгөн сандаа төвлөрүүлж захиран зарцуулж байсан аж.
Уг асуудал нь хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүйгээр явагдаж байх тул нэн яаралтай таслан зогсоож, дотоодын хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зарчил, дутагдлыг арилгаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид 2017 оны 01 дүгээр сарын 16-нд явуулжээ. Тус Шаардлагыг ШЕЗ хүлээн авч, зөрчлийг арилгуулан, иргэдээс хураамж авдаг байдлыг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоон, холбогдох арга хэмжээг авсан байна.

Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )