Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710 мянган толгой мал хорогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.  Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай, 14 аймгийн 41 сум “Цагаанаар зудархуу” байна.

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ. Үүнээс хамгийн их малын хорогдолтой  Ховд (87218), Увс  (25098),  Хөвсгөл (11483), Хэнтий (28077) аймгууд байна.

 Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс ган, зудын эрсдэлийн мэдээг үндэслэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15 мянган  боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн байгууллагын дэмжлэгтэйгээр “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж, малын эрдэс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top