Wikileaks-ын эзэн Жулиан Ассанжийг дэлхийн олон оронд гэмт хэрэгтэн гэж үзсээр байна. Түүнтэй холбоотой шүүх хурал өнгөрсөн хугацаанд олон болжээ. Шүүх хурлын үед тэрбээр бие хамгаалагч нартайгнаа хошигнон инээмсэглэж, сэтгэл их л дүүрэн байсан мөртлөө хэвлэлийн бага хурлын үеэр энэ байдал нь огцом өөрчлөгдөж, Швед болон АНУ-тай шүүхдэлцэхэд мөнгө их шаардагдаж байгаа учир санхүүгийн хүндрэлд орсон, мөнгө олохын тулд дурсамжийн номоо хүртэл бичихээр боллоо хэмээн ярьж байв.
Батлан даалтад гарах барьцааны мөнгөө найз хүүхнээрээ төлүүлж, дурсамжаа бичиж 1.5 саяыг олно хэмээн хамаг асуудлаа тоочих австрали эрийг хараад харин ойрын хүрээлэгчид гайхаж байгаа аж. Тэднийхээр бол Ж.Ассанжид олон саяын хөрөнгө байгаа бөгөөд ил гаргахыг л хүсэхгүй байгаа аж. Тэдгээр үл итгэгчдийн яриаг сонсоцгооё.
Ж.Ассанжийн мөнгө “хийдэг” гол арга нь хүний сайхан сэтгэл дээр тоглох явдал аж. Wikileaks вебсайт дэлхий нийтэд хандан хандив өргөхийг хүссэний дараа Bank of America зэрэг санхүүгийн том корпорациуд дансыг нь хаасныг та бүхэн санаж байгаа байх. Ж.Ассанж дараа нь “Банк санхүүгийн байгууллагын талаарх нууц мэдээллийг ил болгоно” гэж заналхийлээгүй юу. Ингэж уурлах нь ч аргагүй байж. Ж.Ассанж “Wikileaks” төслийг бичихдээ орлого хандив тусламж маягаар орж ирэхээр төлөвлөсөн байсан юм. Ямар нэг дуулиант мэдээллийг задруулсан даруйдаа санхүүгийн хүндрэлд ордог байсан явдал үүнийг гэрчилнэ.
Сүүлийн хоёрыгоо бодвол хамрах хүрээ нь бага ч кампромат сайтын хувьд хангалттай шуугиант мэдээлэл цацсаныхаа дараа хоёр ч удаа “Wikileaks хаагдлаа” гэсэн зарыг тараан хандив гуйж байсан ч төдийлөн бүтэлтэй болоогүй байна. Харин америк цэргүүд иракийн энгийн номхон иргэд, тэдний дунд Ройтерс агентлагийн сэтгүүлчийг буудаж буй видео бичлэгийг 2010 оны дөрөвдүгээр сард цацсанаас хойш хандив тусламж бороо шиг цутган орж иржээ. Германы Wau Holland Foundation сангийн захирал Хендрик Фульда “Der Spiegel” сэтгүүлд “2009 оны аравдугаар сараас 2010 оны арванхоёрдугаар сар хүртэл Wikileaks-ын санд 1.200.000 ам.доллар цугласан” гэж ярьсан байдаг. Гэтэл Ж.Ассанжийн хамтрагч байгаад сүүлд эзнийгээ “муйхар, өөрийнхөөрөө зүтгэдэг, санхүүгийн будлиантай үйл ажиллагаа хийдэг” гэж нэрлээд халагдах өргөдлөө өгсөн Даниэль Домшайт-Берг “Wikilaks-ыг бүтэн жил хэвийн ажиллуулахад 200.000 ам.доллар шаардлагатай” гэж мэдэгдсэн юм. Түүний бичсэн “Wikileaks-ын гал тогоонд: Дэлхийн хамгийн аюултай веб сайтад ажилласан миний цаг мөчүүд” ном худалдаанд гарчээ. Чухам энэ номд Ж.Ассанжийн санхүүгийн будлиантай үйл ажиллагааг дэлгэсэн байх гэж уншигчид найдан харж байгаа юм. Гэхдээ номд энэ талаар бичигдсэн эсэх талаар зохиогч одоо болтол ам нээгээгүй л байна.
Wikileaks-ыг 2006 онд үүсгэн байгуулалцсан Жон Йанг “Wikileaks бол санхүүгийн луйвар. Ж.Ассанж энэ төслөөс 5 сая ам.доллар олно гэж тооцоолсон. Үүндээ хүрэхээс нааш хэзээ ч зогсохгүй” хэмээн ил тод мэдэгдсэн билээ. “Ж.Ассанж нууц бичлэгүүдийг Channel 4, BBC болон Al Jazeera телевизүүдэд зарж доод тал нь 500.000 ам.доллар олсон байх ёстой. Гэтэл дээрх телевизүүд одоо болтол амаа хамхиад байгаа нь гайхмаар” гэж тэрбээр ярьж байв. Ж.Ассанжийн мөнгө босгох бас нэг ажиллагаа нь залуухан америк цэрэг Брэдли Мэннинг байсан. АНУ-ын хүчний байгууллага түүнийг “Wikileaks-ын мэдээлэгч” гэж буруутган баривчилсан юм. Түүнийг 53 жил хоригдох ял заналхийлж байлаа. Энэ үед сайт “Брэдли Мэннингийн өмгөөлөгчийн зардалд зориулах” нэрээр хандив цуглуулсныг дэлхий нийт санаж байгаа байх. Гэтэл санхүүгийн тайланд дээрх зорилгоор нэг ч цент орж ирээгүй гэж тусгагджээ.
Дэлхийн хамгийн аюултай гэгдэх тус сайтад “Эрх чөлөө” гэдэг үг үнэгүй биш”, “Дипломат захидлуудыг нийтэлснээс хойш байгууллагын төлөвлөөгүй зардал 700.000-д хүрлээ. Пентагон бидэнд туслахыг хүсэхгүй байна. Хэвлэл мэдээллийнхэн ч адил. Одоо яах вэ”, “100.000х10 ам.доллар=1 сая ам.доллар. Бидэнд таны тусламж хэрэгтэй байна” гэх мэтийн үгс одоо ч тавиастай байгаа. Түүний зохиосон “жүжиг” амжилттай болсон тул хандив тусламж ч бороо шиг цутгаж байгаа гэж үзэх үндэстэй. Тэгэхээр, Жон Йангийн хэлсэнчлэн Wikileaks хэмээх “үлгэр” жаргах цаг нь ойртжээ. Төлөвлөсөн таван сая ам.доллараа олж авсан ухаалаг луйварчин Ж.Ассанжийн дараагийн төсөл юу байх бол гэдгийг хүлээх л үлдэж байх шив.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )