Ахлах сургуульдаа сурлагаараа хэзээ ч гавьж байгаагүй энэ залуу коллежид ч олигтой амжилт үзүүлэхгүй гэдгээ ойлгоод, замын голоос боловсрол эзэмших оргил руу мацах биш харин буцаж урууджээ. Ингээд амь зуухын тулд 2 жилийн турш айлаас айлд дамжин хөнгөлөлтийн купон тараах ажил хийхээс өөр аргагүйд хүрэв. Амьдралд нь тэр гэх зорилгогүй болсон залууг өрөвдсөн найз нь түүнд мөрөөдлөө бүтээ хэмээн, Хавай хүрэх нэг талын нислэгийн тасалбар авч өгсөн байна. Ингээд төрөлх хотоо орхин, ирээдүйгээ хайх аялалдаа гарчээ. Гэвч залуу эрийг Хавайд ирэхэд нь амжилт алгаа тосоод угтсангүй. Амьдрахын эрхэнд ачааны машиндаа хоноглож, түмэн төрлийн ажлыг гололгүй хийж эхэлжээ. Хээрээр гэр, хэцээр дэр хийж байсан залуу баяжиж хөлжихийн тулд биш өдөр тутмынхаа хоол хүнсийг залгуулахын тулд ханын зураг зурж, машин угааж, бургер хийж, бингоны танхимд зууш хүртэл зөөж байв. Бүр тайчигч хүртэл хийж үзсэн түүнд мэргэжлийн клубт бүжиглэх боломж олдсонгүй. Харин найзынхаа эмээгийн төрсөн өдрийн үдэшлэг дээр тайчаад, 40 долларын цалин авсандаа магнайгаа хагартал баярлаж байсныгаа хожмоо дурсаж ярьж байлаа. Олон сар доншуучилж, болсон болоогүй ажил хийснийхээ эцэст мань эр арай гэж тогтмол ажилд орсон нь Бубба Гампын зоогийн газарт зөөгчийн ажил байв. Бусдад хоол зөөх, үйлчлэхэд хэзээнээсээ дургүй байсан тэрээр алдар нэрд гарч, асар их мөнгө олно гэсэн итгэлээ тээсээр байсан ч чухам хэрхэн, яаж гэдгээ л мэдэхгүй байлаа. Гэвч нэг л өдөр амьдралыг нь орвонгоор нь өөрчилж чадах тэр хүн Бубба Гампын зоогийн газарт орж ирснээр энэ түүхийн эзэн залуугийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх зам нь тавигджээ. Зөөгч залуугийн гадаад төрх нь таалагдсан учраас кино найруулагч Рэй Даун Чонг кино зохиолоо өгч, өөрийнхөө шинэ бүтээлд дүр санал болгожээ. Жүжиглэх ур чадвар байтугай ойлголт ч байхгүй залуу эрийн өмч гэх зүйл нь ердөө 60хан доллар байсан ч найруулагч нисэх онгоцны тасалбарыг даахаар болж, мань эр ачаагаа баглан Холливудын зүгт хөлгийн жолоо залжээ. Хэдийгээр анхны бүтээсэн дүр нь ч тэр, кино нь ч тэр гамшиг болсон ч тэрээр эцэст нь нэг юм хийхийг хүссэн, дуртай зүйлээ олсон байлаа. Танил тал, харилцаа холбоо юу ч байхгүй учраас хамгийн сайн чаддаг зүйлээ хийсэн нь зогсолтгүй хөдөлмөрлөх байлаа. Зөөгчөөр ажиллахын хажуугаар хаана л дүрийн сонгон шалгаруулалт байна тэнд очиж байв. Анх олны хэсэгт гардаг байсан бол яваандаа жижиг дүр оногдож, удалгүй жижиг дүрүүд нь ч томорч байв. Эцэст нь түүнд төгс тохирсон нэг дүр гарч ирсэн ч найруулагч нь “тэр бүдүүн алиалагч уу” гэж асуусан гэдэг. Найруулагчийн энэ үг хэзээнээсээ шаргуу хөдөлмөрч залууг зогсоох нь байтугай улам ч хурцалж, дүрийн сонгон шалгаруулалтын үеэр өөрийгөө батлан харуулж, хүч хөдөлмөрөөрөө анхныхаа томоохон гол дүрийг авчээ. Өдгөө 38 настай энэ жүжигчин залуу сүүлийн 3 жилд ердөө 5 кинонд гол дүр бүтээсэн кинонуудынх нь нийт ашиг хэдийн 5 тэрбум ам.долларыг давжээ. Түүхийн гол эзэн болох жүжигчин Крис Праттын гол дүрийг нь бүтээсэн “Юрын ертөнц” кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтын 4рт бичигдэж байна. Гэхдээ нэр хүнд, эд хөрөнгө нь амар ирээгүйг сайтар ойлгодог жүжигчин залуу маань байгаадаа үргэлж талархалтай ханддаг нэгэн. Олныг хэсэгтээ шуугиулсан Галактикийн хамгаалагчид кинонд тоглож байхдаа тэрээр дүрийнхээ хувцастайгаар хүүхдийн эмнэлэгт очиж, өвчиндөө шаналсан олон хүүхдэд баяр хөөр, урам зориг өгч байв. Чамгүй сайн зураач, герман хэлээр ус цас яридаг, чадварлаг жүжигчин энэ залуугийн хөрөнгө өнөөдөр 40 орчим сая доллараар хэмжигддэг ажээ.
Крис Пратт хуучнаа дурсахдаа “Би үргэлж л Холливуд руу очихыг хүсдэг байлаа. Яаж очихоо л мэддэггүй байсан юм. Надад өлсөж, ядрах үе их тохиолдож байсан. Ганц ширхэг сардин загас хэлэн дээрээ тавьчихаад, шатахууны мөнгөний эрэлд гарах үе ч байлаа. Надад Б төлөвлөгөө хэзээ ч байгаагүй. Гэхдээ би өөртөө итгэх итгэлээ алдаагүй. Огт бууж өгөөгүй. Хүнд хэцүү санагдах тусам улам бүр хичээ. Цаг зуурын шалгуурт хэзээ ч бүү бууж өг” гэжээ.
Ариунаа Онгио
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )