Хууль сахиулахын их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстэний Байгууллага Африкийн Холбооны хамтарсан Энхийг дэмжих ажиллагаанд (UNAMID) 1,6 жил үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.
Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал цагдаагийн байгууллагаас НҮБ-д алба хаасан анхны эмэгтэй алба хаагч юм.
Тэрээр анх Хойт Судан улсад Ажиллагааны хариуцлагын бүс Кабкабия сууринд Эргүүлийн офицероор 2016 оны 09 сараас томилогдон ажиллаж, Кабкабия суурин дах Олон улсын цагдаагийн багийн захиргааны албанд туслах, Цагдаагийн нийгмийн асуудал хариуцсан офицер, Цагдаагийн ажиллагааны офицероор дэвшин ажиллаж 10 сар үүрэг гүйцэтгэсэн байна.
Мөн 2017 оны 06 дугаар сараас эхлэн Эл Фашир хот дах UNMID ажиллагааны Цагдаагийн Хүчний төв Штабт Олон нийт Цагдаа-Жендерийн хэлтэст Жендер хариуцсан офицер, Олон нийт цагдаагийн хөтөлбөрийн чиглүүлэгч офицер зэрэг албан тушаалд дэвшин амжилттай ажиллажээ.
Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал үүрэг гүйцэтгэх хугацаанд ажиллагааны хариуцлагын бүсэд 1016км-ийн ойр, дунд, холын эргүүлийн үүргийг гүйцэтгэж, 5000 гаруй иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон газар орны аюулгүй байдалд нүүрлэж буй асуудлуудын тухай ярилцлага хийж мэдээлэл цуглуулан ажилласан байна. Түүнчлэн Кабкабия суурин дахь орон нутгийн 19 охид эмэгтэйчүүдэд “Амьдрах ухаан сургалт”, 60 гаруй хүүхдэд англи хэлний хичээл, Эл Фашир хотын Охидын сургуульд 300 охидод, хөвгүүдийн сургуульд 250 гаруй хөвгүүдэд өөртөө итгэл үнэмшилийг бий болгох, хүчжүүлэх, зоригжуулах, ирээдүйдээ итгэлтэй болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүйсийн тэнцвэртэй байдлыг бий болгох, Бэлгийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хохирогчид хэрхэн туслах, боловсролын үнэ цэнэ зэрэг сэдвээр ярилцлага зохион байгуулсан. Хүнсний хөтөлбөрийг хүргэх, хүнс тараалтад хяналт тогтоох зэрэг үүргийг давхар гүйцэтгэж байсан байна. Олон улсын цагдаагийн багаас зохион байгуулж байгаад орхигдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төслийн ажлыг үргэлжлүүлэн дуусгаж, 12 иргэнийг гар урлалын сургалтад хамруулж, Кабкабия суурингийн Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн Холбоонд цагдаа нарын хандиваар оёдлын машин, тэргэнцэр, суга таяг зэргийг өгч, сургалтанд оролцсон иргэдийн гар урлал бүтээлийг худалдан авах аяныг зохион байгуулжээ.
Мөн Кабкабия сууран дах UNAMID ажиллагааны бааз дахь бүрэлдэхүүний хамтын ажиллагаа, Орон нутгийн ард иргэд хооронд итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Гар бөмбөгийн “Лиг” тэмцээнийг санаачлан зохион байгуулж, ХСИС-ийн нэрэмжит нөхөрсөг тоглолтыг нээлт зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажилласан байна.
Энэ хугацаанд шинээр ажиллагааны газар оронд ирж байгаа Танзани, Киргиз, Бангладеш, Самоа, Замбия, Туниз, Намиби улсын 120 гаруй цагдаагийн алба хаагч нарт Цагдаа олон нийт-Жендер офицер Хариуцлагын бүсэд гүйцэтгэх үүргийн тухай таван удаагийн хичээл зааж, Цагдаа олон нийтийн цагдаагийн ажилтан сонгон шалгаруулах комисст гурван удаа ажилласан байна.
Эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, хамтарсан мэдээлэл хүргэх, Дарфур муж дах Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, эрхийг хамгаалах үйл ажиллагааны стандартын төслийг боловсруулах зэрэг бусад 5 ажлын хэсэгт ажиллаад иржээ.
Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал зөвхөн албаны үүргээ гүйцэтгээд зогсохгүй тэндхийн ядуу тарчиг амьдралтай иргэдэд амьдрах ухааны сургалт явуулж сертификат олгосон гэнэ. Гэрчилгээтэй бол ажилд орох боломжтой учраас төсөл санаачлан тухайн бүс нутагт хамгийн элбэг байдаг хүнсний ургамлаар амин дэмтэй ямар хоол хийж болохыг зааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад нь компьютер зэрэг шаардлагатай зүйлсийг хандивласан байна.
Энэ хугацаанд үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж, энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа бусдыг манлайж ажилласан цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргалд баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.





Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хүсье.
Зэвсэгт хүчний өчнөөн эмэгтэйчүүд алба хаасан тэр болгон яридаггүй болохоос