Чингисийн хөргийг гутаасан Ло овогтыг хорихоор боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Японы  сар тутамд хэвлэгддэг "Корокоро" хүүхдийн зурагт номонд эзэн Чингис хааны хөргийг доромжилсон өнгө аястайгаар хэвлүүсэнд Монголчууд уурсан жагссан. Энэ явдлаас өмнө буюу өнгөрсөн оны тавдугаар сард Чингис хааны хөргийг 19 настай хятад иргэн доромжилсон явдал гарсан билээ. Түүнд ял эдлүүлэхээр болсон тухай Монголын иргэний хөдөлгөөнүүдийн гишүүн, сэтгүүлч Ч.Мөнхбаяр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
 Тэрбээр Чингис хааныг доромжилсоных нь эсрэг Ло овогт 19 настай иргэнд хариуцлага тооцуулахаар тэмцсэн хүмүүсийн нэг юм.
Ч.Мөнхбаяр, "Чингис хааны хөргийг доромжилсон Ло овогтод өмнөд монголчуудын шаргуу шаардлага, тууштай заргын дүнд, Ордос хотын Ардын шүүх үндэстэн хоорондын хагарал үүсгэсэн, үндэстнээр ялгаварлан гадуурхах үйлдэл хийсэн гэж 1 жил хорих ял оноолоо. Энэ 19 настай иргэн Ордост 5-р сарын 20-нд Чингис хааныг доромжилсон бичлэг үйлдэж, Куайшоу сүлжээнд түгээсэн бөгөөд, буруугаа хүлээж, давж заалдахгүй гэжээ. 

Эзэн Чингис хаан, монголчуудыг доромжилсон бусад тохиолдлуудад ял шийтгэл оноогоогүй хэвээр байна. Чингис хааны хөргийн дэргэд монгол хатны өмсгөлтэй биеэ үнэлэгчийг оролцуулан садар самууны зураг бичлэг үйлдсэн, нохойндоо Чингис хааны, гөлөгнүүдэд нь Чингис хааны үр хүүхдүүдийн нэрийг өгч тохуурхсан, Чингис хааны баримлыг алгадаж, харааж зүхсэн, Чингис хааны зургийг бай болгож харвасан, “Тэмүүжин” паркетан шал үйлдвэрлэсэн гэх зэрэг олон жигшүүрт хэргүүд Хятадад гарч ирсэн билээ." гэжээ.
 

Л.Зул

www.zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top