Япон улсын бага дунд сургуулийн хүүхэд бүрийн уншдаг, сар бүр хэвлэгддэг "Корокоро комик" манга сэтгүүл дээр их эзэн Чингис хааны хөргийг гутаан доромжилж, духан дээр нь бэлэг эрхтэн зурж хэвлэсэн нь дэлхий нийтийн дургүйцлийг хүргээд байгаа. Улмаар Токио дахь Монголын элчин сайдын яам Японы гадаад харилцааны яаманд уг зурагны асуудлаар албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Мэдэгдэлд “Корокоро сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд Японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргал" гэсэн юм.
Сэтгүүлийг эрхлэн гаргадаг Шогакукан компанийн төлөөлөгч Монголын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргалтай уулзаж уучлалт гуйсан байна. Харин Шогакукан компанийн вэбсайтад нийтлэгдсэн мэдэгдэлд “Чингис хааныг хүндэлдэг бүх хүмүүсийг гомдоох зүйл хийсэндээ бид гүн гүнзгий уучлал гуйж байна” гэсэн юм.

Тэгвэл зөвхөн уучлалт гуйх нь хангалтгүй хэмээн тус мангаг хэвлэсэн Шогакукан компанийн гадна эсэргүүцлийн жагсаалыг Өвөр Монголчууд зохион байгуулжээ. Тус жагсаалд мөн Монголчууд оролцсон байна. Жагсаалд оролцогчид хэвлэлийн компанийг ихэд шүүмжилсэн бөгөөд “Хүүхдүүдэд бусад орны түүх соёлд хүндэтгэлтэй хандахыг заах ёстой байтал садар самууныг сурталчилж байна. Япон Монголын найрсаг харилцаанд хар толбо унагасан энэ үйлдлээ зүгээр нэг уучлаарай гээд өнгөрөөх хэрэг үү. Хариуцлага гэж байдаг бол уучлалт гуйхаас гадна өөрсдийн гаргасан алдаагаа засаж сэтгүүлээдээ буцааж татах хэрэгтэйг шаардаж байна” гэх үгсийг хэлжээ.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )