SOS: Агаарын бохирдлын улмаас амьсгал хураах хүүхдүүдийн тоо өссөөр байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Улаанбаатар хотод тохиолдсон нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой. Агаарын бохирдлын хор уршиг хүний бүхий л эрхтэн системд нөлөөлж байдгыг судлаачид тогтоожээ. Улаанбаатарчуудын өмнө аюулын харанга дэлдээд байгаа утааны талаар саяхны нэгэн судалгааг танилцуулъя.

Судлаачдын хэлж буйгаар Монгол Улс  агаарын бохирдлын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 24.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах төлөвтэй байна. 

2016 онд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөл Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудад 10.4 тэрбум төгрөгийн зардал учруулжээ. Насанд хүрсэн хүмүүсийг хамруулан тооцвол, тухайн жилийн зардал 18.4 тэрбум болж өсчээ. Энэ үзүүлэлт нь ЭМЯ-ны нийт төсвийн гүйцэтгэлийн 1.6 хувь, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн 4.6 хувийг бүрдүүлж байна. 

Агаарын бохирдол Монгол Улсын хүн амд ноцтойгоор заналхийлж байгааг дээрх  судалгааны үр дүнгээс харж болно. Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд болон жирэмсэн эмэгтэй бүрийг эрсдэлд оруулж байна. Эдгээр эрсдэлүүдэд амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай төрөлт, хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин болон хүүхдийн нас баралт багтаж байна. Агаарын бохирдлын түвшинг дорвитой бууруултал ойрын жилүүдэд мянга мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас амьсгал хураасаар байх нь.

Иймээс эрчим хүчний цэвэр шийдэлд хөрөнгө оруулах, хүүхдийг агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлын улмаас өвдсөн хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх, тэдний өвчлөх эрсдлийг бууруулахын тулд хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах зэрэг ажилд төрийн бодлогын төвшинд онцгой анхаарч, Засгийн газрын хэмжээнд дорвитой ажил эхлүүлэх нэн шаардлагатай байна.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Turuu(172.58.40.184) 2025 оны 03 сарын 13

Ene turd garsan hulgaich nar mongolchuudiin esreg gemt hereg hiij bn.

1  |  0
Top